Ингэх гээд байсан юм... Улаан цэнхэр 2015/08/18 0 Ам.долларын ханш сүүлийн хоёр сар тасралтгүй өсөв. Тодруулбал хоёр сарын өмнөөс 50 төгрөгөөр өсч, өдгөө 2000 төгрөгт хүрсэн нь ойрын өдрүүдэд иргэдийг ихээхэн цочирдуулах болов. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд ч бага зэрэг өөрчлөлт орж эхэлсэн тухай худалдаачид хэлж байна. Өнгөрсөн 16-ны байдлаар "ногоон" мөнгө Төв банкны зарласан ханшаар 1992 төгрөгтэй тэнцээд байв. Ийм байдал тулж ирэх тухай ч өнгөрсөн хугацаанд МАН-аас УИХ-д суудал авсан гишүүд эрх баригчдад хангалттай анхааруулж байв. Тэр ч бүү хэл ам.долларын ханшийг 2000 төгрөгт хүрэхээс нь өмнө тогтоон барих шаардлагатай байгаа тухай ч зөвлөгөө хүргэж байжээ. Тэгвэл өчигдрийн байдлаар ХААН банк ам.долларын зарах ханшаа 1999 төгрөгөөр тооцсон бол авах ханшаа 1983 төгрөгт "барьжээ”. Харин "Голомт” банк 1980 төгрөгөөр иргэдээс авч, 1997 төгрөгөөр худалдаж байлаа. Ийнхүү арилжааны банкууд ам.долларын авах, зарах ханшдаа 20 орчим төгрөгийн зөрүү үүсгэжээ. Арилжааны банкуудын энэ шийдвэр өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах гэсэн гол арга нь болж байна. Тэгвэл хар зах дээр алдарт "ногоон” аль хэдийнэ 2000 төгрөгт хүрээд байгаа юм. Захын тогтоосон энэ ханшийг ч Худалдаа хөгжлийн банк мөрдөж, иргэдэд нэг ам.долларыг 2000 төгрөгөөр борлуулж эхлээд байна. Уг нь он гарсаар гуравдугаар сард нэгийн тоотой ногоон мөнгө 1993 төгрөгтэй тэнцсэн нь оргил амжилт байсан юм. Түүнээс хойш гурван сарын хугацаанд 100 орчим төгрөгөөр буурсан таатай мэдээлэл ч бидэнд байлаа. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд ам.доллар, юанийн эсрэг төгрөгийн ханш бага зэрэг чангарсан таатай үзүүлэлттэй байв. Гэвч төгрөгийн ханш амжилтаа удаан хадгалж чадалгүй, өнгөрсөн долоо хоногоос сүүлийн өдрүүдээс эхлэн огцом буурлаа. Тэгвэл өнгөрсөн сарын сүүлийн өдөр Монголбанкны зарласан ханш 1985 төгрөгтэй тэнцэж байв. Энэ үед мэргэжилтнүүд "Ам.долларын дотогшлох урсгал нэмэгдсэнээр ханш нь тогтворжлоо" хэмээн тайлбарлаж байсан юм. Энэ үзэгдлийг зарим ажиглагчид хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбон тайлбарлаж буй. Гэвч юанийн ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй байгаа юм. Өчигдрийн байдлаар Монголбанкны зарласан ханш 311 төгрөг байгаа бол "Хас" банк 316 төгрөгөөр иргэдэд худалдаж байна. Тэгэхээр улирлын чанартай энэ нөлөөлөл ам.долларын ханшийг өсгөх гол шалтгаан биш гэдэг нь харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд гадаад валютын нөөц буурсан нь ам.доллар өсөх гол шалтгаан болж байв. Харин хэсэг хугацаанд үүссэн төгрөгийн өсөлтийг эдийн засагчид улирлын чанартай хэмээн дүгнэсэн нь бий. Харин энэ удаад гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ хасах зүг рүү улам тэмүүлсээр байна. Тухайлбал гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний хагас жилийн байдлаар хасах 22.6 хувьтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 106 хувиар буурсан үзүүлэлт аж. Ийнхүү манай улсыг чиглэх мөнгөн урсгал татарсан хэвээр байна. Мэдээж, энэ бүхний эсрэг талд валют олох гол боломж буюу болох уул уурхайн салбарын биеийн байдал тааруу байна. Тэр ч бүү хэл Монголын банкуудын холбоо "Гадаадын хөрөнгө оруулалтын орчин муу байна" гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа. Тэгвэл одоогоос хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Монголын тухай эерэг мессеж дэлхий дахинд түгээхэд дөхөм боллоо” хэмээн ярьж байв. Энэ үйл явдлын дараа буюу өнгөрсөн зургадугаар сард 86.6 сая ам.доллар манай улсад орж ирсэн юм. Энэ нь төгрөгийн ханшийг хэсэг хугацаанд тогтвортой барих боломжийг олгосон нь мэдээж. Мөн үүн дээр Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан 500 сая ам.долларын бонд нэмэр болсон нь дамжиггүй. Хэрэв дээрх мөнгөн урсгал манай улсыг чиглээгүй бол хэсэг хугацаанд ч болов монгол төгрөг нэр хүндтэй байх байсан гэдэгт эргэлзэх ямар ч шалтгаан байхгүй. Үнэндээ "ногоон" мөнгө хойшид ч тийм амар номхорно гэдэгт итгэхэд хэцүү байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт хийгээд бэлэн мөнгөний урсгал огцом тасарсан саар мэдээллийн зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагаа ч хэвийн бус байгаа үйл явц ч тодорхой байдлаар нөлөөлөх нь гарцаагүй юм. Тэгвэл шинжээчид "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт сэргэх хүртэл хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөл тун бага байгаа" тухай онцолсон байна. Тиймээс энэ бүхэнд томоохон төслийн ирээдүйн хувь заяа хариулт өгөх учиртай болж байна. Д.Ганбаатар 0
Сэтгэгдэл байхгүй байна.