-ТЭДЭНД ИЙМ БОЛОМЖИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН САЙД АСАН А.ГАНСҮХ, ЭЗХ-ИЙН САЙД АСАН Н.БАТБАЯР, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ КИМ ЖАНГ ЖИН, "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ П.БАТ-ЭРДЭНЭ НАР ОЛГОЖЭЭ-
УИХ энэ зун ээлжит бусаар хуралдаж хоёр ч Өршөөлийн хууль баталсан нь араасаа маш их шүүмжлэлийг дагуулж байгаа.
Энэ нь нэгдүгээрт, Эрүүгийн өршөөлд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хамруулж, төрд шургалах боломжийг дахин олгож байгаатай холбоотой.
Харин нөгөөх нь Эдийн засгийн өршөөлийн хууль. Хэдийгээр төр татварын дарамтад орж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдээ нэг удаа өршөөх нь буруу зүйл биш ч үүний цаана өнөөх л олигархиудын томоохон бизнес, компани хамрагдах боломжтойгоос гадна эрх мэдэл, албан тушаал хашиж байхдаа бусдад улсын хөрөнгөөс завших боломж олгоод зогсохгүй өөрсдөө ч гар бие оролцсон байж магадгүй байгаа учраас олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.
Харин бид энэ удаад яг ингэж улсад их хэмжээний хохирол учруулсан нэгэн компанийн хуудуутай үйлдлийг дэлгэж байна. Хамгийн харамсалтай нь хэдийнэ хууль батлагдсан. Улсын хөрөнгийг "буруу гар”-аар зувчуулсан ч өнөө мөдгүй өршөөгдөх гэж байгаад оршиж байгаа юм.
-Баримт дэлгэхэд ийм.
-Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 онд Зам тээврийн сайдаар А.Гансүх ажиллаж байх үед бондын хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр 200 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 400 тэрбумын хөрөнгө оруулалттай "Шинэ төмөр зам” төслийг эхлүүлсэн байдаг. Энэ бол 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр байж.
"Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын газар шороо, гүүр хоолойн барилгын ажлыг гүйцэтгэхээр Солонгосын "Самсунг” корпораци тендерт шалгарч, санхүүжилтээ авснаар ажил эхэлсэн гэж бидэнд итгүүлсэн. Гэвч бодит байдлаар бол " Эс Си Ти И Си Эм” гэгч Монголд бүртгэлтэй
компани Ерөнхий Гүйцэтгэгчээр сонгогдсон байна.
Монголын түүхэнд тохиолдож байгаа хамгийн том бүтээн байгуулалтанд ердөө 100 мянган ам.долларын дүрмийн сантай Монголд бүртгэлтэй эл компаниас өөр гүйцэтгэгч олдоогүй нь нэн хачирхалтай. Гэвч дээрх компани яаж ийгээд шалгарч чадсан байдаг. Албаныхны ярьдгаар ном журмаараа шалгарсан гэх. Гэсэн ч өнөө хуудуутай компаний маань санхүүжилтээ авсан ч шууд ажлаа эхлүүлээгүй байна. Учир нь тэд мөнгө цохих мэргэн санаа олсон бололтой.
Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Монголын 13 компанийг туслан гүйцэтгэгчээр авсан байх юм. Өөрөөр хэлбэл, " Эс Си Ти И Си Эм” компани нь Монголын төрийн даалгавартай ажил авсан ч өөрсдөө биш Монголын хэдэн компаниар ажлаа гүйцэтгүүлснээр аахилахыг нь би аахилъя, ажиллахыг нь чи ажилла гээд орхиж. Хамгийн хачирхалтай нь тэд авсан ажлаа зүгээр ч нэг Монголын талын хэдэн компанид өгсөнгүй ээ, тэднийг бага үнээр ажиллуулж, Монголын төрөөс их хэмжээний мөнгө идэх мэргэн санаагаа биелүүлж эхэлсэн байна.
Тодруулбал, нийт 11.2 сая куб.метр газар шорооны ажил буюу 261 км төмөр замын далан барих ажлыг туслан гүйцэтгэгч компаниудад үнэлж өгөхдөө ажлын хөлсийг нэг метр даланг дөрвөн ам.доллараар үнэлсэн байна. Гэтэл угтаа "Эс Си Ти И Си Эм” компани холбогдох яамдтай гэрээ байгуулахдаа нэг метр даланг өсөн ам.доллараар үнэлж авсан байдаг.
Өөрөөр хэлбэл, тэд Монголын талын туслан гүйцэтгэгчдийн ажлыг анх авсан үнэлгээнээсээ бараг тавин хувиар бага үнэлж, өөрсдөө зүгээр сууж байгаад дундаас нь таван ам.доллар зүгээр шахуу олж байжээ. "Эс Си Ти И Си Эм” компани нь Монгол Улсын Засгийн газраас дээрх ажлыг 200 сая ам.долларт багтаан хийнэ гэж авсан ч Монголын 13 компанид далангийн ажил 119 тэрбум төгрөгөөр босох учиртай. Үүний дээр магадлашгүй ажлын зардалд 8,6 тэрбумыг өгөх тохироо хийв.
Эцсийн дүндээ далан барих ажил 128 тэрбум төгрөгөөр дуусах учиртай гээд ажиллуулсан байна. Гэтэл өнөөг хүртэл энэ ажил таг чиг болчихоод байгаа юм. Тодруулбал, анх 400 тэрбумын санхүүжилт авсан "Эс Си Ти И Си Эм” компани энэ мөнгөнийхөө талаас илүү хувийг хувьдаа завшсан ч өнөөдөр ажлын гүйцэтгэл нь дутуу, өнгөрсөн оны есдүгээр сард "Санхүүжилтгүй” гэх шалтгаанаар төмөр замын далан барих ажлыг зогссон байх юм.
Өнөөдрийн байдлаар "Эс Си Ти И Си Эм” компани Монголын төрөөс санхүүжилт болох 400 тэрбум төгрөгөө бүрэн гүйцэд авсан атлаа ажлыг нь сэглээд хаясан байдалтай байна. Үүгээр ч зогсохгүй "Эс Си Ти И Си Эм” компани нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Монголын талын 13 компанийн зарим нь өнөөдөр ч ажлын хөлсөө бүрэн авч чадаагүй байгаа юм.
Бас болоогүй цаг хугацаа, мөнгө төгрөгийг нь дээрэмдээд зогсоогүй 13 компанид нь санхүүжилтийг нь гүйцэд олгоогүй "гэмт хэрэг” хийсэн атлаа Эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдахаар нэр нь аль хэдийнэ багтсан байгааг юу гэж ойлгох вэ.
Тухайн үед төрийн сайдын суудалд заларч, эдийн засаг, стратегийн чухал ач холбогдолтой өндөр өртөг бүхий ажлаа гаднын компанид 100 хувь даатгасан сайд нар өнөөдөр үүнд ямар хариулт өгөх вэ. Тэдэнд хүлээх хариуцлага гэж бий юу. Үнэндээ энэ "хэрэг” ажлын гүйцэтгэл дутуу, Монголын төр 400 тэрбумаа "залилуулсан”, 13 компани нь алдагдалтай ажилласан зэргээр хязгаарлагдсангүй.
Гэрээнд заасны дагуу өнөөдөр манай улс зээлийн эргэн төлөлтөө хийгээд эхэлчихсэн байна. Цаашлаад 2022 оноос эхлэн үндсэн зээлээ төлж эхлэхээр байна. Ингэхдээ санхүүжилтийн эргэн төлөлтийг зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлөхөөр "Засгийн газрын бондын хөрөнгөөр төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах” тухай гэрээний 9.4-т тусгажээ.
Харин хүлээх үүрэг, хариуцлагын тухайд гэрээнд тусгахдаа үзэглэсэн талууд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хөгжлийн банкинд учирсан хохирлыг буруутай тал нь хариуцна хэмээн гэрээний 9.1-т заасан байх юм. Гэтэл өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд хэн нь буруутай вэ. Хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг бүрхэг байна.
Гэхдээ энэ талаар уг нь гэрээний 9.2-т тодорхой заагаад өгчихсөн байгааг талууд мэдэж байх учиртай. Тодруулбал, Зам тээврийн яам, МТЗ ТӨХК нь гэрээгээр хэрэгжих төслийн чанартай, хугацаанд нь хэрэгжих бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хууль зөрчсөн гэж үзвэл Хөгжлийн банк нь санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж заажээ.
Гэвч өдгөө ажил дуусаагүй атлаа санхүүжилтээ бүрэн авчихаад хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Тэр бүү хэл, төрийн хайр хишгийг хүртэх гээд сууж байна.
Энэ бүхэнд хариуцлага тооцъё, гэмтнүүдийг гэсгээе гэсэн ч өдгөө нэгэнт оройтсон дүр зураг харагдаж байгаа нь харамсалтай. Учир нь тухайн үед энэ гэрээнд үзэглэж байсан А.Гансүх сайд өнөөдөр УИХ-ын даргын зөвлөх болсон бол Н.Батбаяр сайд гишүүн учир бүрэн хамгаалалтад орсон.
Төр засгийн тогтворгүй байдлын балгаар хэдийгээр улсад их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг энэ хүмүүс бүрдүүлсэн ч гэлээ тухайн үеийн албан тушаал энэ цаг үед үгүй болсон учраас ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүй.
Ямартай ч ийм л нэг ээдрээтэй, бас хуудуутай хэрэг Эдийн засгийн өршөөл нэрийн дор дарагдаад алга болох нь. Өршөөж уучилж болно. Харин хэнийг, ямар компанийг хамруулах вэ гэдгээ сайтар судлахгүй бол энэ мэтээр хадны завсар хавчуулагдаад "алга болох” хэрэг цөөнгүй байгааг дуулгая.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн” сонин
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.