”Талын зам” төсөл талаар өнгөрч байна уу?
Хоёр хөршийг холбосон 1000 км хурдны зам тавих ажил буюу "Талын зам” төсөл талаар өнгөрч байх шиг байна. Хятад, ОХУ-ын тэргүүнийг айлчлахтай зэрэгцээд сүр, дуулиантай танилцуулгаа хийж "Юу, юугүй замын ажлыг эхлүүллээ” гэж ярьж байсан хүмүүс өнөөдөр таг чиг алга болсон нь ийн хардахад хүргэв. Цаашлаад замын ажлыг гүйцэтгэх "Чингис Лэнд Девелопмент Групп” ч өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. Бүр зарим нь тус компанийг дампуурлаа зарлачихаж хэмээн таамаглаж байгаа юм. "Чингис Лэнд Девелопмент Групп” дампуурсан эсэх нь иргэдэд тийм сонин биш ч зам тавих бүтээн байгуулалтын ажлыг хэн хийх вэ гэдэг асуулт л олны анхаарлыг ихээхэн татаж байна.
Уг нь "Талын зам” төсөл нь ганц Монгол биш Ази, Европын олон орны сонирхлыг татаж буй манай орны түүхэнд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болно гэж байсан. Цаашлаад тус замаар эдийн засгийн тасралтгүй урсгал явагдаж төсөөлж барашгүй мөнгийг эндээс босгоно гэсэн хүлээлттэй байв. Гэтэл есдүгээр сард ажлаа эхлүүлээд явж байх ёстой зам өнөөдөр 1 км ч тавигдаагүй байдалтай байна.
Өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийж, үргэлжлүүлээд намар өвлийн улиралд ч тасралтгүй ажиллаж 2-3 жилийн дотор замаа тавиад, шууд л 30-40 мянган хүнийг ажлын байраар хангаад, цаашлаад шинэ хот суурин, тээвэр ложистикийн болон бусад үйлдвэр, үйлчилгээний шинэ төвүүдийг бий болгоод хаячихна хэмээн ярьж байсан "Чингис Лэнд Девелопмент Групп” өнөөдөр Монгол улсын нэр хүндтэй холбоотой томоохон ажлыг бүхэл бүтэн 6 сараар хойшлуулсан шалтгаанаа тайлбарлах ч үгүй сууна. Тус компани аль өнгөрсөн жил л энэ ажлыг яралзуулаад орхиё хэмээн Төрийн ордонд гэрээнд гар, хөлийн үсгээ зурж улс төрчид нь эгээтэй л Ганболд сэлмийг нь ташаанд нь зүүж өгөөд, гавъяаны улаан одон энгэрт нь хадаж өгөх нь халаг байсан.
Гэтэл өнөөдөр компанийн сурталчилгааны самбаруудаа зам дагуулж тавьсанаас өөр хийсэн ажил юу ч алга. Яг энэ үед уг замын ажлыг хийж чадах, чадахгүйгээ энэ компани олон нийтэд хандаж хэлэх хэрэгтэй.
Хэрвээ энэ зам ажил хэрэг болж Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 1000 гаруй км хурдны зам тавигдвал манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ эрс нэмэгдэх давуу талтайгаас гадна дотоодын дэд бүтэц сайжирч түүнийг дагасан аж, үйлдвэр, худалдаа эдийн засгийн томоохон бүтээн байгуулалтууд хийгдэх юм. Цаашлаад Орос, Хятад руу бараа, тааврыг саадгүй гаргахаас эхлээд тус хоёр улсын хоорондын тээврийн ажиллагаанаас их хэмжээний орлого олж болохоор байгаа юм. Хамгийн наад жишээ гэхэд зам ашигласаны төлбөр байна. Энэ бүхний эцэст эдийн засагт төсөөлөшгүй үзүүлэлтүүд гарч мэднэ.
Энэ мэт Ази, Европыг холбосон тээврийн коридороос бид маш их ашгийг хүлээж байгаа. Тус замын ажил нь олон улсын шинжтэй мега төсөл учраас гадны орнуудын дунд тендерийг нь зарласан байдаг. Уг замыг концессын гэрээгээр хийж гүйцэтгэх ч "Монгол” гэдэг нэрийг барьж олон улсын зах зээлээс мөнгө босгоно. Тэгэхээр үүнд гадныхны болон бидний мөнгө орж байна гэсэн үг. Өнгөрсөн есдүгээр сарыг хүртэл багагүй ч мөнгө хаясан гэдэг. Тийм байж ингээд бүх ажлыг хаяж орхивол Засгийн газар өөрөө хохиролтой үлдэж байна. Хэрвээ тус замын ажил бүтэлгүйтвэл ганц "Чингис Лэнд Девелопмент Групп”-ийн нэр бус бүхэл бүтэн Монгол улсын нэр олон улсын тавцанд навс унана. Тэгэхээр энэ том мөнгөний ажилд хяналт байх нь зайлшгүй чухал юм. Гэтэл ажлыг гүйцэтгэх компанид "Нээлтээ хийгээчээ, ажлаа шалавлаачээ" гээд хэлчих эрх бүхий байгууллага өнөөдөр ганц ч алга байна.
За тэр хоёр хөршийн гадаад худалдаанаас зохих хувиа авах нь дүүрч харин энэ ажилд хяналт тавьж, хөрөнгө санхүүг нь хуулийн байгууллагаас шалгавал яасан юм бэ.
Сэтгэгдэл байхгүй байна.