Ц.УРАНЧИМЭГ: "НОГООН ХӨГЖИЛ БОЛ АМЬДРАЛД МАШ ОЙР, ЭНГИЙН ОЙЛГОЛТ"

0

 


БОНХАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Уранчимэгийн "Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буланд өгсөн ярилцлага

-Сүүлийн үед "Ногоон хөгжил” гэсэн үг хаа сайгүй сонсогдож, хүн бүхэн л ярих болоо. Гэвч ихэнх нь мод тарих, цэцэг навч ургуулах гэж ойлгодог нь нууц биш. Тэгэхээр "Ногоон хөгжил” гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ гэдгийг энгийнээр тайлбарлахаас ярилцлагаа эхэлье?

-Энэ талаар ярихаас өмнө эхлээд энэ ойлголт олон улсад хэрхэн анхаарал татаж, хөгжлийн зорилт болсон талаар товч мэдээлэл өгье гэж бодож байна. Дэлхийн эдийн засгийн үсрэнгүй хөгжил, түүнтэй зэрэгцэн гарч ирсэн техник, технологийн хувьсал хүнд үйлдвэрлэл, хүн амын хязгааргүй хэрэглээнээс үүдэж дэлхийн дулааралтай холбоотой байгаль орчны олон асуудал гарч ирсэн. Тиймээс дэлхий нийтээр байгаль орчин, нийгэм, эдийн засгаа тогтвортойгоор хөгжүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. 

"Тогтвортой хөгжил” гэдэг нь байгаль  орчин, нийгэм, эдийн засаг гэсэн гурван асуудлыг нягт хамаарал шүтэлцээтэй авч үзэж, байгалийн хишиг, нөөц, баялаг өгөөжийг зүй зохистой ашиглан, өнөө болон хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхийн төлөө нийгмийг бүтээн байгуулах  гэсэн утгатай. Үүний эхлэл нь  НҮБ-аас 1992 онд Бразилын Рио-Де-Жанейро хотноо зохион байгуулсан "Байгаль орчин ба хөгжил” сэдэвт хурлыг зохион байгуулж, тогтвортой хөгжлийн дэлхийн чиг хандлага болон нийт үндэстэн бүрийн  хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон явдал юм. 

Ийнхүү тус хурлаас дэлхий нийтээр 20 жилийн турш  дагаж мөрдөж буй "Дэлхий дахины XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг батлан гаргасан түүхтэй. Хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн асуудал, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүрээлэн буй орчны асуудал, нийгмийн үндсэн бүлгүүдийн хамгааллыг дээшлүүлэх нь, тогтвортой хөгжлийн тогтолцоог хэрэгжүүлэх арга хэрэгслүүд гэсэн үндсэн дөрвөн бүлгийг улс орнуудад тогтоож өгсөн. Улмаар 2012 оны зургадугаар сард буюу 20 жилийн дараа Бразил улсын Рио де Жанейро хотноо дахин зохион байгуулсан НҮБ-ын тогтвортой хөгжлийн хурлаас өнөө болон хойч үеийнхэнд тогтвортой ирээдүйг баталгаажуулахын тулд эдийн засаг, нийгэм болон байгаль орчны харилцан уялдаа, нөлөөллийг цогцоор нь авч үзэх шаардлагатай байгааг дахин онцолж, дэлхийн улс орон бүр өөрийн үндэсний онцлогт тохирсон хөгжлийн алсын хараа, арга загвар, хандлагатай хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг уриал­сан юм. Хурлаас "Бидний хүсч буй ирээдүй” нэртэй баримт бичиг /НҮБ-ын тогтвортой хөгжлийн хурлын үндсэн баримт бичиг, 2012, "The Future We Want”/ гаргасан. 

Энэхүү баримт бичигт ногоон эдийн засгийг тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулах, улмаар арилгах хэрэгслийн нэг болгохыг зөвлөхийн зэрэгцээ Эдийн засаг, нийгэм, байгаль орчны гурван хүчин зүйлийг нэгтгэн цогц байдлаар хэрэгжүүлэх чадавхитай, тогтвортой хөг­жилд хөт­лөх засаглалыг бүх салбар, төвшинд бэхжүүлэх шаард­лага­тайг онцолсон байдаг. Монгол Улс энэхүү уриалгад нэгдэж, УИХ-ын 2014 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Ногоон хөгжлийн бодлогоо баталж гаргасан. Энэхүү бодлогын баримт бичигт Ногоон хөгжил бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн тулгуур бодлогын нэг юм гэж тодорхойлсон. Ингэж бодлогоо батлуулснаар Монгол Улс ногоон хөгжлийн төлөө дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэн зүтгэх,  PAGE буюу Ногоон хөгжлийн төлөөх түншлэлээс дэмжлэгийг авах боломж бүрдсэн.

-Ногоон хөгжлийн төлөөх түншлэл гэж юу юм бэ? 

- 2012 оны "Рио 20” уулзалтаас гарсан бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг таван байгууллага хамтран Pertnership for action on green economy буюу Ногоон хөгжлийн төлөөх түншлэлийг байгуулсан. Энэ байгууллага нь түншлэлд нэгдсэн орнууддаа Ногоон хөгжлийн цогц бодлого боловруулах, хэрэгжүүлэхэд нь нь тодорхой туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг. Манай улсын хувьд, энэхүү байгууллагын дэмжлэгийг авах анхны улс болсон, хамтарч ажиллаад явж байна. Одоогоор манайхаас гадна Буркина Фасо, Гана, Мувритиус, Перу, Сенегал улсууд хамрагдаж байгаа. PAGE-ийн зүгээс хамрагдах улс орны тоог 2020 он гэхэд 20-д хүргэх зорилго тавин ажиллаж байгаа.  

-Түншлэлд нэгдсэнээрээ Монгол Улсад ямар ашигтай вэ?  

-Ногоон хөгжлийн төлөөх түншлэлийн гол зорилго нь зохистой ажлын байр, ур чадварыг бий болгох, байгальд ээлтэй цэвэр технологийг нэвтрүүлэх, байгаль орчны доройтлыг арилгах, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх явдал юм. Манайх энэ түншлэлд нэгдсэнээр дараах ажлуудыг эхлүүлээд явж байна. Нэгдүгээрт, Ногоон эдийн засгийн төлөөх загвар бодлогын үнэлгээ. 

Энэ нь системийн динамик загварыг бий болгон ногоон хөгжлийн бодлоготой уялдаж хөгжүүлэх, макро эдийн засгийн урт хугацааны төлөвлөлт, прогноз хийх чадавхийг бэх­жүү­лэхэд дэмжлэг үзүүлэх зорил­го­той. Цаашид ногоон эдийн засагт ямар үе шаттайгаар шил­жих вэ, хэчнээн хөрөнгө мөнгө шаар­даг­дах вэ гэх мэт наад за­хын тооцооноос эхлээд нарийн асууд­луудыг энэ загварт багтааж байгаа. Энэ Загвар бодлогын үнэл­гээг манай яам Сангийн яамтай хамтран боловсруулж байна. Хоёр дахь ажил нь ногоон хөгжлийн үзүүлэлт. Бид өнөөдөр ногоон хөгжлийг бий болгохын тулд одоо байгаа төвшингөө мэдэж авах шаардлагатай. Үүнийгээ мэдэж байж цаашид сайжруулах талаар ярина. Тиймээс Үндэсний статистикийн хороотой хамтраад ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийг боловсруулж байна. Энэ үзүүлэлтүүд гараад ирэхээр Монгол Улс ногоон эдийн засгийн хөгжлөөр ямархуу шатанд байна вэ гэдэг нь тодорхой болж, цаашид хийх ажлууд тодорхой болох юм. 

Эдгээрээс гадна Тогтвортой худалдан авалтын нэг төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийг Сангийн яам, Засгийн газрын худалдан авах ажиллагааны газартай хамтарч хэрэгжүүлж байна. Ногоон эдийн засагт шилжихийн тулд ногоон худал­дан авалт буюу байгальд ээлтэй, хэмнэлттэй техник технологийг худалдаж авах шаард­лагатай. Үүнийг бид хам­гийн түрүүнд төрийн захир­гаа­ны байгууллагуудад хэрэгжүүлэх нь зөв гэдэг үүднээс хэрэгжиж байгаа төсөл. Төрийн байгууллагад дэвшилтэт технологийн бүтээг­дэхүүн худалдаж авах, хэмнэлт хийж үрэлгэн зардлыг багасгахад нь зөвлөгөө өгөх зэрэг олон талт үйл ажиллагааг энэ төслийн хүрээнд явуулж байна. 

-Яамнаас хэрэгжүүлж байгаа өөр ямар ажил байна?

-Ногоон барилгын асуудал байна. Төсвийн зардлаар баригддаг цэцэрлэг, сургуулийн барилгыг хамгийн түрүүнд ногоон болгох асуудлыг тавьж, БСШУЯ-тай хамтран тодорхой ажлууд эхлүүлээд байгаа. БСШУЯ, нийслэлтэй хамтраад Сонгинохайрхан дүүргийн нэг сургууль, цэцэрлэгийн барилгыг шалгасан. Энэ үзүүлэлтээс одоогийн байгаа сургууль, цэцэрлэгийн барилга, ер нь баригдсан болон баригдаж байгаа барилга байгууламжууд нь ямар байгаа юм бэ, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж чадаж уу гэдэг нь тодорхой болно. Цаашид ямар болгох ёстой юм бэ гэдэг нь тодорхой харагдаж эхэлнэ. 

-Барилгын үзүүлэлт ямар гарсан бэ?

-Өнөөдөр Монголд хэрэглэгдэж байгаа барилгын технологи байгаль орчинд ээлтэй биш. Наад зах нь маш их ус хэрэглэдэг. Харин ногоон технологи нь зөвхөн барилга баригдах үед хэрэглэхээс гадна цаашид хэрэглэх эрчим хүчний хэрэглээг багсгах байдлаар байгаль орчинд ээлтэй гэж тооцогддог юм. Хүмүүс ногоон барилга гэхээр гадна орчин нь ногоон байгууламжтай юм байна гэж ойлгоод байдаг. Энэ зөв, гэхдээ арай илүү өргөн хүрээнд ойлгох хэрэгтэй. Цахилгаан станц асар их зардал гаргаж эрчим хүч, дулаанаар хангадаг, гэтэл барилга нь дулааны алдагдалтай байх юм бол эдийн засгийн хувьд ч асар их хохирол гарна.  

Ногоон байгууламж гэдэг маань дулааны алдагдлыг хамгийн бага байлгахаас гадна хүний эрүүл, ая тухайтай амьдрах бүх нөхцлийг хангасан байх ёстой. Бид стандарт боловсруулахдаа энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа.  
    
-Ногоон хөгжлийн загвар бодлогын үнэлгээ, үзүүлэлт гээд таны дээр ярьсан ажлууд ямар төвшинд явж байна, хэзээ боловсруулж дуусах вэ?

-Одоогоор судалгааны төв­шинд явж байгаа. Ойрын хуга­цаанд Ногоон хөгжлийн заг­вар­тай болох зорилт тавиад ажил­лаж байна. 

-Та бүхэн сая "Ногоон түншлэл” семинарыг зохион байгуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

 -Өнгөрсөн жил бид ногоон хөгжлийн төлөөх түншлэл долоо хоногоо хийж, анхны хурлаараа таван чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тогтсон. Харин энэ жилийн хурлаар 2014-2015 онд хэрэгжүүлж байгаа төслийнхөө дунд хугацааны тайланг хэлэлцэж, цаашид ямар чиглэлээр ажиллах үндсэн бодлогоо тодорхойллоо. Үндэсний семинарын хүрээнд таван салбар зөвлөлийн уулзалт, өндөр төвшний хэлэлцүүлэг явагдсан. Ногоон хөгжлийн бодлого гэдэг зөвхөн нэг яамных бус Монгол Улсын үндэсний тулгуур бодлогын нэг юм. Тиймээс бүх салбар яам, агентлаг хамтран ажиллаж байж, Монгол Улс ногоон бодлогыг хэрэгжүүлж, ногоон хэв загварыг бий болгоно.

-Байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг иргэдэд эзэмшүүлэх нь чухал байна?

-Маш их анхаарах ёстой асуу­дал. Ногоон хөгжилд хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэл хэрэгтэй. Бид "Яавал ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах вэ” гэдэг сэдвээр сургалтын хөтөлбөр боловсруулж байгаа. Гарын авлагыг боловсруулж дууссан. Эхний ээлжинд яам, агентлагуудад ногоон хөгжлийн бодлогоор сургалтуудыг зо­хион байгуулсан. Яамнаас энэ­хүү сургалтуудыг эхлээд шийд­вэр гаргагчдад, дараа нь хэв­лэл мэ­дээл­лийнхэнд хийе гэж шийд­сэ­ний дагуу зохион бай­гуулаад явж байна.

-Иргэд ногоон хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ. Хэрэгтэй зөвлөгөөнүүдийг манай уншигчдад өгөөч?

-Олон жишээ хэлж болно л доо. Тухайлбал, би гэртээ хуванцар хогоо ялгаж тусад нь уутлаад хогийн бункерт хийлгүй гадна нь тавьдаг. Хуванцар сав түүдэг хүмүүс чинь тэрийг л авах гэж хог ухаж орчныг бохирдуулдаг шүү дээ. Т

эдний тушаасан хуванцар дахин ашиглагдана гэдэг нь төдий хэмжээний хуванцар дахиж үйлдвэрлэх зардал, байгаль орчинд үзүүлэх хор уршигаас сэргийлж байна гэсэн үг. Иргэд шүршүүрт орохдоо маш их цаг зарцуулдаг. Энэ цаг хугацааг багасгах юм бол цэвэр усны хэмнэлт гаргана. Ийм асуудал дээр "Би ганцаараа хэмнэлээ гээд нэмэргүй” гэж бодож болохгүй. Нэг хүний хичээл зүтгэл нийтийнх болж нэгдэж байж том үр дүн гардаг. 

-УИХ-ын гишүүд, шийдвэр гаргах төвшний албан тушаалт­нууд "Нүүрсээ шатаавал хямд цахилгаан гаргана, салхинаас гаргавал арай үнэтэй” гэх зэргээр чөлөөтэй ярьдаг. Иргэд эндээс "Ногоон эдийн засаг, ногоон технологи гэдэг чинь өртөг өндөр юм биш үү” гэсэн ойлголт авдаг л даа. Энэ нь та бүхний хийж байгаа сургалт, гаргаж байгаа хичээл зүтгэлийг үгүй болгож байгаа юм биш үү?

-Яг үнэн. Шийдвэр гаргагчдад хамгийн түрүүнд сургалт явуулна гэдэг нь үүнтэй холбоотой л доо. Ер нь бол ногоон технологийн бүтээгдэхүүнүүд арай үнэтэй байгаа нь үнэн. Гэвч энэ бол ирээдүй гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчихсөн байхгүй юу. Хүний үйл ажиллагаа дэлхийн тогтолцоонд нөлөөлөх болсоноор хүн төрөлхтөн Антропоцен хэмээх геологийн шинэ эринд орсоныг нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. Ялангуяа сүүлийн 60 жилд хүний үйл ажиллагаа эрс хурдатгалтайгаар өөрчлөгдлөө. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн устаж буй хурдац, азотын эргэлт гэсэн байгаль орчны үзүүлэлтүүдээр дэлхийн тогтолцоо аюулгүй оршин тогтнох хил хязгаараас хэдийнэ даван гарсан болохыг эрдэмтэд тогтоогоод байна. 

Дэлхий дээрх бүх үйл явц энэ эрчээрээ явбал 2030 онд бидэнд хоёр дэлхий шаардагдана гэсэн тооцоо ч гарсан байна.
Өндөр хөгжилтэй орнуудын аж ахуйн нэгжүүд энэ эгзэгтэй үед "Аргацаасан бүтээгдэхүүн хийгээд хэсэг хугацааны дараа хаалгаа барих уу, дэлхий нийтийн чиг хандлагаыг дагаад ногоон хөгжил, хэмнэлт хийх зориулалттай илүү нарийн технологийн бүтээгдэхүүн хийж урт удаан хугацаанд тогтвортой хөгжих үү” гэдэг сонголтоо хийчихсэн байхгүй юу. 

Монголд энэ ойлголтыг төлөвшүүлэх нь бидний гол зорилго. Өнөөдөр 10 сарын настай, эрчим хүч их зарцуулдаг, гэрлийн шил 500 төгрөгөөр худалдаж авах уу, 25 жилийн настай, энгийнээс найм дахин бага эрчим хүч зарцуулдаг гэрлийн шил худалдаж авах уу гэдэг нь хувь хүний сонголт ч гэсэн бид уламжлалт хандлагыг өөрчлөх ёстой. Ногоон эдийн засагт чиглэсэн, "эко лэйбел” авчихсан техник технологиуд үнэтэй байгаа. Гэхдээ түүнийг худалдаж авснаараа эрчим хүч, ус, дулаан гээд гарах хэмнэлт нь зүйрлэшгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Ер нь ногоон хөгжил гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр, байгалийн хязгаарлагдмал нөөц баялгийг урт удаан хугацаагаар, зөв зохистой хэрэглэх, ашиглахыг л хэлээд байгаа юм шүү дээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.