Солонгос эмч нар зөвшөөрөлгүй үзлэг хийж байжээ
Өнгөрөгч долоодугаар сарын 30-нд Орхон аймгийн VI сургууль дээр БНСУ-ын эмч нар хүмүүнлэгийн туслалцаа нэрийдлээр зөвшөөрөлгүй үйлчилгээ үзүүлж, амны хөндийн үзлэг хийж байсныг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлсэн байна. Тодруулбал, аймгийн Мэргэжлийн хяналтын газар Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийг газар дээр нь очиход эрүүл ахуй, хамгаалалтын дүрэм стандарт мөрдөөгүй, зориулалтын бус өрөөнд мэс засал хийж байсан гэх мэт зөрчил илэрчээ. Түүнчлэн багаж хэрэгслээ ариутгалгүй хэрэглэж байсан гэнэ.
БНСУ-ын "Шинэ тосгон” ТББ-ын хувьд зургаадугаар сарын 29-нд үзлэг хийж эхэлсэн бөгөөд 40 хүнд эмчилгээ хийсэн гэж ярьж байгаа боловч эх сурвалжуудын ярьснаар 60 орчим хүнийг эмчилсэн аж.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд дээрх арга хэмжээг таслан зогсоосон бөгөөд ард иргэддээ "Сүүлийн үед аймгийн хэмжээнд хүмүүнлэгийн шугамаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэгүй үзүүлэх нэрийн дор гадны иргэд зөвшөөрөлгүй, баталгаагүй эмчилгээ хийж байгаа нь таны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй тул үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна” гэх мэдэгдлийг хүргүүлжээ.
Дашрамд дурдахад, албан эх сурвалжийн мэдээлснээр эмчилгээ хийсэн гэх эмч нар БНСУ-ын анагаах ухааны их, дээд сургуульд суралцдаг оюутнууд байж болзошгүй аж.
Сэтгэгдэл байхгүй байна.