Г.Эрдэнэбаатар: Дуурийг талбай дээр гаргана гэдэг ямар ч үнэ цэнгүй болгож байгаа хэрэг
Найруулагч Г.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Найруулагчийнхаа хувиар, театраас гарснаасаа хойш та юу хийж байна вэ. Уран бүтээлийнхээ сониноос хуваалцахгүй юу?
-Би сүүлийн хоёр жилд жил дараалан нэг нэг дуурь тавилаа. Жишээ нь "Сарьсан багваахай” опереттаг хөдөө орон нутагт тавьсан. Яагаад энэ опереттаг сонгов гэхээр, өнөөгийн сонсогч үзэгчид бүрэн хэмжээний дууриас ер нь татгалзаж байна. Бүрэн хэмжээний дуурь гэдэг бол цэвэр хөгжмийн драматург дээр явдаг. Гурав дөрвөн зуун жил өнгөрлөө, ерөнхийдөө дууриас дэлхий татгалзаж байна л даа. Дуурийг хүлээн зөвшөөрдөг газар бол дэлхийн том сүлжээний маркетинг байдаг юм. Жишээ нь, Италид Ла Скала байна, Америкт Метрополитан,Орост Большой театр байж байна, Австрид Штат опера гээд Австрийн дуурийн театр байж байна. Лондонд Рояль театр, Австралид Сиднейн дуурийн театр байж байна. Ердөө арав дотор багтах дэлхийн том театруудад л дуурь хийж байна. Эдгээрт дэлхийн сүлжээний уран бүтээлчид очиж ажиллаж байгаа болохоос биш нэг газрыг хөгжүүлэх гээд явж байгаа асуудал биш. Үе дамжин олон зуун жил яваад ирчихсэн, хаад ноёдоос гаралтай элитийн хүрээнд энэ том дууриудыг дэлхийн уран бүтээлчдийн сүлжээ хийж байгаа байхгүй юу.
-Энэ сүлжээний талаар дэлгэрүүлэхгүй юу. Өнөөдөр хөрөнгө оруулалт ашиг орлого талаа барьж байгаа юу, урлагийнхаа эрх ашгийг барьж явдаг уу?
-Орлого талаа барьж явж байгаа. Орлого талаа барихдаа харьцангуй байна. Америкт нэг дуурь тавигдлаа гэхэд зөвхөн тэр Америкийн театрын хэдэн удирдлага зовох биш Австрали, баруун Европын гэхчлэн том орнууд хоорондоо холбоотой, манайд ийм дуурийг тавих гэж байна, танайхаас ийм уран бүтээлч, тэндээс ийм уран бүтээлч гэрээ хийх гэж байна гэх мэтчилэн бүх уран бүтээлчид нь тодорхой болчихсон байдаг. Тэр хүмүүсийг сонсох гэж өндөр зиндааны элитүүд цугладаг. Билет нь гэхэд 500 доллараас доош үнэтэй билет байхгүй. Хамгийн доод тал нь 500 долларын суудал байдаг. Үүний хажуугаар дуурийг хөгжүүлэх гэж яваа орнууд бий л дээ. Манайх болохоор дотоодын зах зээл муу байгаа учраас дуурийн урлаг урагштай явахгүй байна. Баруун Европ ч юм уу, Солонгос ч юм уу Зүүн Азийн том орнууд хүн ам олонтой, зах зээл нь том. Тэр олон хүн ам дотроос яг цэвэр дуурь руу анхаарлаа хандуулж байгаа нь манайх мэтийн орнуудыг бодвол харьцангуй олон. Тийм учраас сонгодог дуурийн үнэ цэн улам өндөр болоод улам чангараад үнэ нь улам нэмэгдэж байна. Дэлхийн энэ том сүлжээнд байхгүй байгаа орнуудад бас л дуурь байгаад байна. Гэхдээ мюзикл гэдэг төрлийг өнөөдөр жирийн олон нийт маш их хүлээж авч байна л даа. Мюзикл гэдэг бол бас л дуурь шүү дээ. Орчин үеийн техник технологийн чадваруудыг ашиглаад хийж байгаа дуурийн хэлбэр юм. Манайд мюзиклийг рок попын ертөнцтэй хольж буруу ойлгоод байдаг.
-Ердөө Америкийн Бродвейн жишгээр ойлгоод хүлээгээд авчихсан харагддаг шүү дээ?
-Тийм. Гэтэл Бродвей бол орчин үеийн бизнесийн урлаг хийдэг байхгүй юу. Тэнд мюзикл явдаг. Мюзикл анх гарч ирсэн голомт нь Бродвей боловч мюзикл нь Бродвейдээ таарахгүй байгаа юм. Тэгээд ч дэлхийд хэдхээн мюзикл байна. Тэр мюзиклүүдийг хийж байгаа хүн нь Андрей Вибер гэж англи хүн байдаг. Хийсэн мюзиклүүд нь дэлхийгээр тарчихсан, тэр нь асар том орлогын эх үүсвэр болчихсон ийм хөгжмийн зохиолч. Гэтэл одоо дэлхий мюзиклийг яг мөн чанараар нь хийх гэж, Андрей Виберийн мюзиклүүдийн туршлага дээр түүний урд гарах мюзикл хийхийн төлөө явж байна.
-Саяхан болсон Чайковскийн нэрэмжит залуу дуурийн дуучдын уралдааныг та хэрхэн харав?
-Үнэнийг хэлэхэд, өнөөдөр Оросын том том тэмцээнүүдийн чансаа дээр үеийнх шигээ тийм өндөр хэмжээнд байхаа больсон юм уу гэж харагдаж байна. Жаахан суларсан гэх юм уу. Чайковскийн уралдааныг зөвхөн Оросынх нь хувьд харахад, өмнөх нэгдмэл байсан үеийнх шигээ хүчтэй биш, жаахан сарнисан маягтай болж. Зах зээлийн хувьд хуваагдаад задраад ирэнгүүт ерөнхийдөө сарнисан, шигшмэлүүд нь тийшээгээ нэг их орж ирэхээ байчихсан ч юм шиг надад мэдрэгдээд байгаа юм. Харин манай Монгол Улсын хувьд бол үнэхээр ярих юм байхгүй. Тэр том урлагийн олимпод очоод түрүү магнайг нь аваад ирнэ гэдэг бол энэ жаранд гарч байгаа том үзэгдэл. Энэ том үзэгдлийг Ариунбаатар хийсэн. Үүгээр бид бахархах ёстой. Хэдийгээр уралдаан Оросынхоо хувьд жаахан чансаа суларсан тал ажиглагдаж байгаа боловч олон улс оролцсон хэвээрээ байна. Харин энэ уралдаанд орж байгаа Орос, баруун Европын дуучдын чансаа ерөнхийдөө муудаж байгаа юм уу гэж ажиглагдсан. Дуучдын чансаа Ази руугаа эргэж байгаа юм уу даа гэсэн бодол надад төрсөн шүү. Гэхдээ муудахдаа бүр дор орчихсон юм биш шүү дээ. Оросуудын хувьд цаг үеийн хямралаасаа болоод том том тэмцээнүүдээ нэг их хайхрахгүй байгаа байж магадгүй. Энэ нь Ариунбаатарыг чансаа муутай тэмцээнд түрүүлээд ирлээ гэсэн үг биш юм шүү. Дэлхий ордгоороо орж байгаа. Чайковскийн дайтай том тэмцээнүүд ч бас бий. Америкт ч байдаг, Солонгост ч байдаг. Хятадад ч болдог. Чансааны хувьд Чайковскийн хэмжээний болчихсон. Гэхдээ тэр тэмцээнүүд бидэнд нэг их танил биш учраас мэдэхгүй байгаа юм. Амартүвшингийн авдаг Английн "Кардиф” бол бас л чансаа том. Тэнд дэлхий тэр чигээрээ ордог. Би мэргэжлийн дуурийн найруулагчийнхаа хувьд энэ хоёр дуучнаар асар их бахархаж байгаа. Мэдээжийн хэрэг, уран бүтээлчдэд байх тайзны имиж дээрээ маш их анхаарал тавих хэрэгтэй. Ялангуяа Ариунбаатар бол ямар ч туршлагагүй явж байгаа. Ариунбаатарт бүх юм байгаа. Нуруу туруу, царай зүс бүгд байгаа. Хоолой нь байна. Гагцхүү туршлага багатай.
-Буриадын театрт ажиллаж байгаа байх аа?
-Тийм ээ, Улаан-Үдэд ажиллаж байгаа. Тэнд ганц хоёр дуурьт гараад толгой руугаа ганц нэг "цохиулаад” ирэхээрээ залуу хүн мэдэрч л таарна. Амартүвшингийн хувьд бол, тайзан дээр гадаад үзэгдэх байдлаа тодорхой хэмжээгээр анхаарах хэрэгтэй. Биеийн жин ихтэй байна. Тайзны үзэгдэх стандарт гэж байдаг. Түрүүний яриад байгаа дэлхийн том сүлжээний театрууд бол бие хаа, нуруу туруу гээд тайзны үзэгдэх стандартаас эхлээд бүгдийг маш нарийн авч үздэг. Манай Амараа арай л жин ихтэй байгаа юм. Спортын бөх шиг харагдаад байгаа. Амартүвшин бол ухаалаг залуу. Ухаанаа гэхдээ өөртөө шүүмжлэлтэй хандаж ашиглахгүй бол, буруу тийшээ ухаарах юм бол урлагийн хүнд том аюул гэж үздэг. Болоогүй байхад өөрийгөө буруугаар ойлгоод буруу тийшээ явах тийм аюулыг Амартүвшин одоогоор мэдээгүй явж байгаа. Залуу хүн гэнэдэж болох ч ухаантай байх хэрэгтэй.
-Тайзан дээр үзэгдэх стандарт гэдгийг манай дуучид нэг их анхаардаггүй юм шиг ээ?
-Манай дуучид анхаардаггүй байлаа ч дэлхий анхаардаг болчихоод байна шүү дээ. Дэлхийн дуучид гол нь үүнд их анхаарч байна. Дуучин хүн масс ихтэй жин ихтэй байх ёстой, тэгэхгүй бол дуугардаггүй юм гэсэн худлаа онол өөртөө зохиож яриад яваад байж болохгүй юм. Царай зүс бол тайзан дээр хамгийн их хэрэгтэй. Биеийн ерөнхий байдал, анатомын зохицол, хөл гарын урт, өндрийн хэмжээ, хүзүүний урт богино гэхчлэн.
-Г.Ариунбаатар Улаан-Үдэд хэзээнээс ажиллах болсон юм бэ?
-Өнгөрсөн жилээс. Ноднин Дуурийн театрт ирэхэд нь орон тоо байхгүй гээд аваагүй юм билээ. Цагдаагийн "Сүлд” чуулгад ажиллаж байхдаа Глинкийн тэмцээнд тэргүүн байр эзэлж ирээд, чуулга нь татан буугдахад театрт ирэх гэсэн ч болоогүй. Улаан-Үдийн театрын Дарийма гээд мундаг том концертмейстр байдаг юм. Тэр хүн бол манай олон дуучинг нээсэн хүн. Линховойн гэж тэндхийн дуурь бүжгийн театрыг үүсгэн байгуулсан, Буриадын нэртэй том дуучны охин л доо. Өнгөрсөн жил Санкт-Петербургт төгссөн Цэрэнчунт гэдэг залуу бас Улаан-Үдэд ажиллаж байна. Уг нь манай Дуурийн театрт ирсэн чинь бас л орон тоо байхгүй гээд, дээрээс нь их таагүй хандсан юм билээ. Италид Олон улсын залуу дуучдын театр маягийн нэг байгууллага байгуулагдаж байгаа юм байна лээ. Олон улсын залуу дуучидтай цахимаар харьцаад уран бүтээлийг нь хүлээж аван шалгаруулж байгаа юм байна. Түүнд Цэрэнчунт бүртгүүлсэн байна лээ. Тэнцвэл Улаан-Үдээсээ тийшээ явах байх л даа. Ер нь орчин үед өндөр зиндааныхан дуурийг өндөрт нь байлгаад, дэлхий нийт болохоор массаараа татгалзчихаад байгаа юм. Тэгэхээр дуурь нь яваандаа дэлхийн байгууллага болох шинжтэй харагдаж байна л даа. Магадгүй дөч тавин жилийн дараа ч юм уу аль нэг цаг агаар уур амьсгалын таатай нөхцөл дотор Дэлхийн дуурийн байгууллага гэдэг нэг байгууллага бий болж мэдэх л юм.
-Учиртай гурван толгой дуурийг наадмаар талбай дээр тоглуулсан. Олон нийтэд их таалагдлаа гэж ярьцгааж байсан. Ер нь наадмаар талбай дээр хийсэн тоглолтуудад та хэрхэн хандаж байгаа вэ?
-Мэдэхгүй хүмүүст таалагдалгүй яахав дээ. Дөч тавин мянган хүнд тоглосон гэж сурталчилгаа хийгээд л байна. Дуурийг талбай дээр гаргана гэдэг чинь ямар ч үнэ цэнгүй болгож байгаа хэрэг шүү дээ. Дэлхийд хаана ч дуурийг гадаа гаргаж байгаагүй. Гаргах тохиолдолд маш хүчтэй менежментийн баг ажиллаж байж хийдэг. Италид Арена де Верона гээд задгай амфитеатр байдаг юм. Дээр үед амфитеатр байж байгаад нураад олон зуун жилийн туршид дайнд өртөж сөнөөд, тэгээд засаад яг тэр хэвээр нь хад чулууг нь тэр чигээр нь үлдээгээд хажуугаар нь мод тарьж ойжуулаад акустикийг нь шийдчихсан. Бороо ордоггүй шороо тавьдаггүй тийм нөхцөлтэй газрыг амфитеатр болгоод дэлхийн том том фестивалиуд болдог, дэлхийн сонгодог урлагийн группууд очиж тоглодог тийм задгай орчинг бий болгосон байдаг юм. Акустикийг нь шийдсэн байлаа ч гэсэн тээр хол хэдэн километрт сууж байгаа үзэгчдэд техникийн хүчээр хүргэдэг. Италийн гурван тенор микрофонтой дуулж байлаа шүү дээ. Орчин үеийн хүчтэй орнууд нөхцөлийг нь тэгж шийдчихээд тоглодог. Гэхдээ байнга тоглоод байдаггүй, томоохон дэлхийн арга хэмжээ болсон үед л тэнд тоглоно. Дуурийн тоглолт гэдэг бол асар үнэ цэнтэй, хэдэн зуун дамжиж ирсэн нэр хүндтэй урлаг гэдгийг ойлгох чадваргүйгээс өнөөдөр ард түмний нэрийг барьж сүүлийн хорин жил үзээгүй юмыг нь үзүүллээ гэцгээж байна л даа. Хорин жил ингээд талбай дээр тоглочих юм бол Монголд Дуурийн театр хэрэггүй болно. Зүгээр л талбай дээр гараад ирдэг юмыг хэн ч сонирхохгүй. Талбай дээр тоглодог урлаг гэж бий. Талбайн урлаг. Тэр нь тусдаа.
-Жишээ нь...?
-Бүжгийг талбай дээр тоглож болно. Гэхдээ балетыг биш. Орчин үеийн бүжиг, ардын бүжиг, модерн янз бүрийн юмыг талбай дээр тоглож болно. Морин хуурыг талбай дээр тоглуулж болно. Манай монголчууд хөдөө хээр хониныхоо дэргэд ч тоглож ирсэн. Морин хуур бол цаг агаар шаарддаггүй хөгжим. Үндэсний хөгжмийг талбай дээр гаргаж болно. Яагаад гэвэл үндэсний хөгжим бол манай цаг агаарт тохирч хийгдсэн байдаг. Дээр үеэсээ л гадаа наадмаа хийгээд гүүн зэлэн дээрээ тоглоод ирсэн хөгжмүүд юм. Эстрад жазз хөгжим бол техникээрээ гараад явчихаж байгаа учраас талбай дээр гараад том том техникээ зоогоод тоглочихно. Өмнөх өдөр нь болсон тоглолтууд, дараагийн өдөр нь болсон жазз тоглолт зэрэг нь бүгд талбайн урлаг. "Бэст оф классик” гэж муухай орилоод байсныг санаж байна уу. Сонгодгийг тэр чигээр нь оркестртой нь, хувцастай тайзтай нь гаргана гэдэг бол манай нөхцөлд болохгүй. Манайд хөгжил байхгүй, нөхцөл байхгүй учраас тэр. Гэтэл Хятад улс Тян Ань Миний талбай дээрээ Италийн гурван тенорын тоглолтыг хийж байсан. Хятадад том дуурийн театр байгаагүй. Тэр бол нөхцөл нь бүрдчихсэн талбай. Мөн "Турандот” дуурийг тоглож байсан. "Турандот” бол Хятадын гүнжийн тухай өгүүлдэг дэлхийн сонгодог дуурь. Тийм учраас хятадууд бүх нөхцөлийг бүрдүүлээд, хамгийн наад зах нь нэг дуучинд асуудал гарлаа гэхэд л эмчийг нь бэлэн байлгаж байгаад олон улсын түвшинд нэр төрөө хамгаалах үүднээс маш том зохион байгуулалтыг хийсний үндсэн дээр гадаа тоглож байсан. Солонгост талбай дээр тоглуулж байсан тохиолдол бий. Солонгос бол манайх шиг уур амьсгалтай газар биш шүү дээ. Баруун Европын орнуудад эстрадаа талбай дээр тоглодог, дуурь тоглодоггүй. Орост дуурийг талбайд тоглосон тохиолдол бий. Гэхдээ Улаан талбай дээр дуурь тоглоогүй. Улаан талбай дээр зүгээр шоун дотор симфони оркестр орж тоглосон тохиолдол бий. Гэхдээ хоёр минут тоглоод л гараад явчихаж байсан. Оросын бусад хотуудад дуурь тоглосон тохиолдол байдаг. Улсын том арга хэмжээний үеэр сүмийн хашаан дотор тоглосон байдаг. Сүм гэдэг бол өөрөө акустикийн орон зай байдаг. Сүмийн хашаа бол байгалийн ямар нэгэн асуудал үүсдэггүй газар. Цас, бороо, салхи шороо аль нь ч хүрдэггүй тэгж хамгаалагдсан газар юм.
-Яагаад. Архитекторын шийдэл нь тийм юм уу?
-Тэгж барьсан байдаг. Манай Монголын сүм хийдийн хашаа ч тийм. Сүүлийн үед сүм хийдийг хаа хамаагүй барьдаг болчихоод байгаа болохоос дээр үеийн сүмүүд бол бороо цас орлоо гэхэд сүмийн хашааг тойроод орж байх жишээтэй, байгалийн үзэгдлүүд тойроод явчихдаг газар байхгүй юу. "Аида” дуурийг анх гарсан орон нутагт нь, Перст юм уу Египетэд, ялангуяа нил мөрний хавийн орнуудад гадаа тоглож болно. "Аида” өөрөө тэнд бий болсон дуурь. Дэлхийн цаг агаарын орчин нөхцөлийг үзэхэд хамгийн таатай орчин нөхцөл бол Өмнөд Европ, Дундад Азид байна. Итали, Франц байгаа газар, Египет, Болгар байгаа газар. Бороо шороо гэнэтийн аюул байдаггүй, хамгийн таатай. Хөгжихөд хамгийн таатай нөхцөлтэй баруун Европын орнууд бол өөрийнхөө хөгжүүлсэн үндэсний урлагаа гадаа тоглох бололцоотой. Тэрийг манайхан барьж аваад өөрсдийгөө хамгаалж байгаа харагдах юм. Гурав дөрвөн зуун жилийн турш баруун Европын орнууд энэ их үнэ цэнтэй урлагаа, Моцарт, Гайдн, Бетховеноо, бүх хөгжмийн зохиолчдынхоо бүтээлийг яагаад гадаа тоглохгүй явж ирсэн юм. Учир шалтгаан нь тэр оюуных нь үнэ цэнд байдаг. Тэгж үнэ цэнийг нь хадгалдаг, дэлхий тэр үнэ цэнийг нь улам дээшээ аваад явдаг.
-Та бас хамтлаг байгуулж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Акапелла хамтлаг. Наад зах нь жаран хүнтэй байхаар төлөвлөөд эхнээсээ хүмүүсээ бүртгэж эхэлсэн. Акапелла гэдэг бол найрал дуу шүү дээ.
Н.Пагма
Сэтгэгдэл байхгүй байна.