Хан-Ресурт 100 сая ам.долларын өрөнд орсон уу, өрөнд оруулчихав уу
Монгол улсын засгий газар, Канадын "Хан ресурс" компанитай үүсгэсэн арбитрын маргаанд ялагдаж 100 орчим сая ам.долларын өрөнд ороод байгаа. Хөрөнгө оруулагчдыг үргээсэн бодлого явууллаа, тогтворгүй байдлаас болж өрөнд орлоо гэсэн зэмлэл тал бүрээс гарч байгаа ч бид яагаад шүүхэд ялагдав гэдэгт хэн ч төвлөрөхгүй, хариуцлага ярихгүй байгаа нь хачирхалтай.
Түүхийг эргэн сөхвөл 1990 оноос хойш бид Японы "Марубини" Италийн "Алстом Пауэрт” ОХУ-ын "Алтан дорнод Монгол" компаниудтай олон улсын арбитрын шүүхэд тулж байжээ. Хамгийн сүүлд алдарт Паушокын "Алтан Дорнод Монгол" компаний 1.5 тэрбум долларын нэхэмжлэлтэй хэргийг Лондонгийн арбитрын шүүхээр шийдвэрлүүлсэн. Уг хэргийг шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газар АНУ-ын хуулийн фирмд 6.0 сая ам.долларын өмгөөллийн хөлс төлж, Тухайн үеийн Хууль зүйн яамны ажлын хэсэг 5 жил уйгагүй ажиллаж эцэст нь ялсан байдаг.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хууль зүйн яамны мэргэшсэн албан тушаалтнууд ямар хэрэг маргаан арбитрын шүүхэд очоод амжилт олох, олохгүйг маш сайн дүгнэдэг, асуудал манай талд эсрэгээр тусахаар бол шүүхийн процессын явцад юм уу урьдчилж тохиролцож чаддаг байв. Гэтэл 2012 оны сонгуулийн үр дүнд хууль зүйн яаманд явагдсан хөл толгой нь мэдэгдэхгүй үймээн, бужингнааны уршгаар тус салбарт мэргэшсэн чадварлаг боловсон хүчнүүд шахагдаж оронд нь АН-ын бялууны эрхмүүд цугларсан. Тухайлбал өдөр тутмын гал тогооны ажлыг нь хариуцаж ажилладаг төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нь 1997-1998 онд УИХ-т тамгын газарт, 2011-2012 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн туслах зөвлөхөөр ажиллаж байснаас өөр төрийн ажлын туршлаггүй нэгэн. Энэ мэтээс болж хууль зүйн яам мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулж чадахгүй болсны нэг илрэл нь "Хан Ресурс"-ын маргаанд ялагдсан явдал гэж үзэх хүн цөөнгүй байна.
Манай Засгийн газар "Хан ресурс" компанийг хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу нөхөн сэргээлт хийгээгүй, олон улсын хөрөнгийн зах зээлд хууль бус хувьцаа гаргасан гэсэн шалтгаанаар тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байдаг. Үүнийг "Хан Ресурс" компани хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж 200 сая ам.доллар нэхэмжлэн 2011 онд олон улсын арбитрын шүүхэд хандсан. Энэ талаар тухайн үед ажиллаж байсан төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан "Арбитрын шүүх энэ хэргийг авч хэлэлцэхгүй байх магадлал өндөр” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байв. Мөн хууль зүйн яамны газрын даргаар ажиллаж байсан Т.Алтангэрэл "Ерөнхий байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нь харвал "Алтан Дорнод Монгол” компанитай ижил төстэй буюу зарчмын хувьд хөрөнгө оруулалтыг төрөөс дайчлан авсан, хохироосон хэмээн олон улсын арбитрын шүүхэд хандсан гэдгийг тодотгож байв.
Мөн анхан шатны хурлын үеэр "Хан ресурс” компаний Монголын Засгийн газраас нэхэмжилсэн 200 сая ам.долларын нэхэмжлэлийг "үндэслэл муу байна” гэдэг шүүмжлэлийг шүүхийн бүрэлдэхүүн хэлсэн байна. Энэ мэт нааштай мэдээллүүд сонсогдож байснаа 2012 оноос хойш нөхцөл байдал өөрөөр эргэж эцэстээ бид 100 сая орчим ам.долларын өрөнд уначихсан. Хэдийгээр ажлын хэсгийн ахлагч Ж.Баярцэцэг ""Хан ресурс” компани хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас лицензийг нь цуцалсан. Гэхдээ өөр компанид лицензийг өгчихөөгүй. Өөрөөр хэлбэл төр энэ компанийн лицензийг өөр бусад зорилгоор төр ашиглаагүй. Үүнийгээ ч нотолсон үндэслэлүүдээ гаргасан. Шүүхийн эцсийн шийдвэрийг урьдчилан хэлэх боломжгүй ч тус компанийг ялах хангалттай нотолгоо бий” гэж тайлбарлаж байсан боловч эцэстээ бид ялагдсан.
Тэгэхээр ижил төстэй маргаанд нэгэнд нь ялж нөгөөд нь ялагдсан асуудлыг бид ярихгүй өнгөрч болохгүй юм. Энэ бүхнийг хууль зүйн яамны боловсон хүчин болон тус яамны ажлын үр дүнтэй холбож ярихаас өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл хууль зүйн яамныхан ажлаа муу хийснээс болж бид өрөнд унасан гэж ойлгож болно. Гэтэл төрийн нарийн нь улс орноо ялагдуулчихлаа гэж хэлээд өөрөө өргөдлөө өгөөд явдаг. Харин манай төрийн нарийн бичгийн дарга хоёр ч сайд дамжин албан тушаалаа хашсаар байгаад гайхах зүйл үгүй. Хариуцлага яригдахын оронд харин эсрэгээрээ улс орныхоо мууг дуудаж "Хан ресурс"-ын зөвийг тогтоох хандлагыг зориуд өдөөгөөд байгаа нь хачирхалтай. "Популист" улстөрчдөөс болж өрөнд орсон гэх мэтээр зунжин сурталчилж, нийгмийн хандлагыг өөр зүгт чиглүүлэхийг оролдож байгаагийн цаана чухам ямар санаархал нуугдаж байна вэ? Монгол Улс өрөнд орчихсон юмуу? өрөнд оруулчихсан юмуу? энэ бүхэнд хариулт хэлж, хариуцлага ярих цаг хэдийнээ болсон мэт.
Г.Ган