Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дахин Л.Гансүхийг эргэжээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тун саяхан өөрийнхөө ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг хорих ангид эргэж очжээ. Л.Гансүхийн хувьд "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр 4.6 жилийн хорих ял эдэлж буй. Мөн төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан. Гэвч шүүхийн энэ шийдвэрийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн хэлмэгдүүлэлт гэж үзсэн хэвээр байгаа юм. Тэрээр өнгөрөгч сарын 02-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралд хөндлөнгийн гэрчээр оролцож, "Л.Гансүхийг биш намайг буруутга” хэмээн мэдэгдэж байсан.
Сонирхуулахад өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн цагдан хорих байранд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Л.Гансүхтэй уулзаж байв. Тухайн үед сөрөг хүчний зүгээс энэ байдлыг хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн билээ.