Фракци, бүлэглэлд нэгдсэн зарчим байхгүй. Нэгдсэн сонирхол байгаа" гэв
"Бид хамтдаа" үндэсний форумын "Нийслэлийн хөгжлийн бодлогын асуудлууд" нэгдсэн хуралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Энэхүү хуралдаанд салбар, салбарын төлөөлөл болсон 700 гаруй төлөөлөгч оролцсон юм. УИХ-ын гишүүн, МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар хурлыг даргалсан юм. Нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлал, аз жаргалтай хот сэдвээр нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Нийслэлийн иргэдийн нийгмийн сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн нийгмийн бодлогын үндэс" сэдвээр Удирдлагын академийн Улс төр судлал, нийгмийн удирдлагын тэнхмийн эрхлэгч доктор, дэд профессор С.Зульфикар, "Амины орон сууц хорооллын дахин төлөвлөлт" сэдвээр Дулаан хангамжийн холбооны тэргүүн доктор Д.Бямба-Очир, Эдийн засагч Д.Жаргалсайхан улс төрийн талаар сонирхолтой илтгэл тавьсан юм. Дээрх илтгэлүүдээс та бүхэнд хоёр илтгэлийг онцлон, хөндөгдсөн гол сэдвийг нь товчхон хүргэж байна.
- Амины орон сууцны дахин төлөвлөлтөд эко хангамжийг ашиглах Д.Бямба-Очирын илтгэл иргэдийн анхаарлыг татаж байсан юм. Түүний хэлж буйгаар гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, орон сууцтай болголоо гэхэд нэгдсэн дулаан хангамжийн системд холбох боломжгүй ажээ. Учир нь энэ систем одоогийнхоо ачааллыг даахтай үгүйтэй байгаа аж. Тиймээс усаар халдаг эко дулааны станц барих санаачилгыг боловсруулсан байна. Энэхүү эко дулааны станцыг эхний байдлаар Дэнжийн мянга, Ханийн материал, Их засаг их сургуулийн орчим буюу хуучнаар Оросын цэргийн ангийн байрлалд байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Тэгэхээр эко дулааны станцыг хэрхэн байгуулах вэ гэдэг асуулт урган гарна. Одоогийн манай дулааны станцууд шөнөжин ажиллаж, үүнийхээ зардлыг нөхөж чаддаггүй юм байна. Тиймээс хүмүүсийн цахилгааны хэрэглээ буурсан, идэвхигүй болсон шөнийн цагт усаа халааж нөөцлөөд эргүүлээд ашиглаж болох юм гэсэн санааг дэвшүүлжээ. Өөр нэг гарц шийдэл нь Улаанбаатар хотыг тойрсон бичил, дагуул хотуудтай болгох хэрэгтэйг хэлж байлаа. Нүүрс хэрэглэхгүйгээр халаалт шийдэх олон арга байдаг. Үүний нэг нь газрын гүний халаалт ажээ. АСЕМ-ийн уулзалтаар олон орны төрийн тэргүүн нарыг хүлээж авах орон сууцыг барьж байгаа. Энэ байрны халаалтыг газрын гүнээс халдаг аргаар шийдэж байгаа нь үүний нэг тод жишээ аж. Өөрөөр хэлбэл Д.Бямба-Очир доктор шөнийн цагт урсч байгаа дулааныг ашиглаж, усаа халааж, дулааны асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэсэн гол санааг гаргасан. Энэ нь эргээд цахилгаан станцуудынхаа үргүй зардлыг бууруулах, утааг багасгах олон талын ач холбогдолтой юм.
- Эдийн засагч Д.Жаргалсайхан Монголын улс төрийн өнөөгийн байдлыг шулуун бөгөөд шударга үгээр тодорхойлов. Тиймээс ч танхимд суусан төлөөлөгчид алга нижигнүүлэн ташиж байлаа. Бэрхшээлийг харах хоёрхон өнцөг байдаг. Нэг нь саад, нөгөөх нь боломж. Өнөөгийн бидэнд тулгарсан хүндрэлийг бид боломж гэж хараад зүтгээд үзэх хэрэгтэйг тэрбээр ярианыхаа эхэнд зөвлөв. Түүний хэлж буйгаар Монголд дараах асуудал байна. Эхнийх нь мэдээж ядуурал, ажилгүйдэл. Удаах нь нийгмийн эрүүл мэндийн асуудал. Үүнд цэвэр ус, цэвэр агаар, цэвэр жорлон багтдаг юм байна. Д.Жаргалсайхан эдийн засагч "Энэ индрээс хэн ч жорлон ярьдаггүй байх" гэж байгаад илтгэлээ үргэлжүүлэв. Өнөөдөр Монголын иргэдийн 45 хувь нь модон жорлон ашиглаж байна гэсэн судалгаа гарчээ. Жорлон гэдэг эрүүл ахуйтай холбоотой чухал асуудал юм. Хүүхдийн гэдэсний халдвараас эхлээд өвчлөлийн эхлэл эндээс эхтэй байдаг. Монголын улстөрчид эдийн засаг сайн байхад, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихсан байхад баялгийн сан байгуулахгүй, өдөр өдрийнхөө хэрэгцээнд зарцуулж, голоо зогоож байснаас бид ийм байдалд хүрлээ гэж тэр дүгнэв. Ганцхан уул уурхайгаас хараат байхаа больж, хөдөө аж ахуй, мал аж ахуйг хөгжүүлэх шаардлага зүйн ёсоор тулгарч байна гэсэн юм. Монголын улс төрийг намууд биш зөвхөн фракци, бүлэглэлүүд удирдаж байна. Тэдэнд нэгдсэн зарчим байхгүй. Нэгдсэн сонирхол байгаа учраас Ерөнхий сайдаа татаад унагахад ч бэлэн байна. Гаргасан мөнгөнийхөө төлөөсөнд тендер, төрөөс зулгааж болох бүхнийг авч байна гэв. Эцэст нь улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгоогүй цагт авлигын сүлжээ тасрахгүй. Төрийн бүх харилцааг цахимжуулж, мөнгө авч өгөх боломжийг хаах ёстойг дурдав. Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн данс бол дөнгөж эхлэл. Хэрвээ бид авлига авч, өгснийг нь хуулийн байгууллагад өгье гэвэл бүгдээрээ явах хэрэгтэй болно шүү гэж хошигносон нь үнэний ортой. Төрийн боловсон хүчин үнэхээр учир дутагдалтай байгааг толгой сэгсрэн өгүүлэв. Түүний хэлж буйгаар нэг сул дарга хоёр сул орлогч дагуулж, төрийн бүтцийг данхайлгаж байгаа аж. Түүнчлэн бие даагч гишүүд хүчтэй байж чаддаггүй. Эрх баригч, сөрөг хүчин намууд нь сул дорой байх тусам бие даагч гишүүд олон болно гэсэн юм. Төрийн мэргэшсэн албан хаагчийг сонгуулийн компанит ажилд нь гүйсэн эсвэл цүнх барьдаг туслахуудаар битгий солиоч гэдгийг сануулав.
МАН-ын "Бид хамтдаа" форумын нийслэлийн асуудлаарх салбар хуралдаанууд Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Ц.Оюунтунгалаг