Ч.Хүрэлбаатар: 10 мянган залуугаар зам тавиулах гэж байхаар багш, эмч нарынхаа цалинг нэмээч
-Төсвийн зардал, орлогыг буруу тооцоолсон. Дээрээс нь зардлыг 100-гаад тэрбумаар нэмчихлээ гэдэг шүүмжлэл гараад байна. Энэ үнэн үү. Төсөвт уг нь реформ хийнэ гэж байсан ч эсрэгээрээ эргэчих шиг боллоо?
-Төсвийн хэлэлцүүлгийг УИХ хийж байна. Ер нь төсөв зохиож эхэлдэг суурь нь 2016 онд тухайн улсын эдийн засаг хэдэн хувиар өсөх вэ гэдгээс үүдээд бүх зүйлээ тооцоолдог. Өөрөөр хэлбэл, эдийн засгийнхаа өсөлтөд үндэслэж, төсвийнхөө орлого, зарлагыг тооцоолдог. Ямар бодлого явуулахаа ч шийддэг. Жишээлбэл, зарим оронд эдийн засгийн өсөлт 0.5-1 хувиар хэлбэлзэхэд төсөв, мөнгөний бодлого нь өөрчлөгдөж байдаг. Харин манай улсад өнгөрсөн хугацаанд юу болов гэхээр Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 4.1 хувь байна гэж оруулж ирсэн. Гэтэл манай улсад ирж ажилласан Олон улсын валютын сан, Дэлхийн банкныхан "Монголын эдийн засаг ирэх онд 4.1 биш 0.6-0.8 хувиар өснө” гэж дүгнэсэн. Тэгэхээр бид УИХ дээр яах аргагүй эдийн засгийн өсөлтөө өөрчлөх ёстой. Учир нь, 4.1, 0.6 хоёрын хооронд долоо дахин зөрүү байгаа биз. Ингээд эдийн засгийн өсөлтөө буруу тооцолчихоор төсөв, мөнгөний бодлого нь буруу болчихож байгаа юм. Тиймээс л бид эдийн засгийн өсөлтөө зөв тооцъё, бодит байдалд тааруулж, зөв бодлого гаргая гэдэг санал гаргаад хүлээж авахгүй байна шүү дээ. Тэр бүү хэл УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн үг хэлэх эрхийг хүртэл хааж байна. Ингэхээр эдийн засаг яаж зөв болох юм бэ, Монгол Улсын эдийн засгийн хямралыг яаж зогсоох юм бэ. 2016 онд эдийн засгийн уналт гүнзгийрэх бодлого гаргаж байхад улстөрчийн хувьд, ард түмнээсээ итгэл авч сонгогдсон хүний хувьд тэвчиж суух арга алга.
-Зардалтай холбоотой зарим ноцтой асуудал үүссэн гэсэн. Та энэ талаар тодруулна уу. Тухайлбал, хаана, хэчнээн төгрөгийн шаардлагагүй зардал тусчихав?
-Зардал дотор хэд хэдэн ноцтой асуудал бий. Тухайлбал, МҮОНРТ-д 2.6 тэрбум төгрөг өгч байгаа юм. Гэтэл үнэн хэрэгтээ Монгол Улсын иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг хэвлэл мэдээллийн бүхий л байгууллага хийж ирсэн. Ийм байхад АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан эмэгтэй МҮОНРТ-ийн дарга болчихоор яахаараа 2.6 тэрбум төгрөг өгдөг юм. Энэ чинь тэгээд шударга ёс юм уу. Уг нь ийм байж болохгүй гэж өөрсдөө үзээд төсвийг хасч, МҮОНРТ-ийг хувийн телевизүүдтэй адилхан төвшинд аваачина гэж л ярьсан юм шүү дээ. Тэгсэн атлаа ярьсан хэлснээсээ буцчихаж байгаа нь энэ. Дээр нь 10 мянган цэрэг гаргаж, төмөр зам бариулах асуудлыг оруулж ирж байна. Энэ ажил 24 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гэтэл энэ нь эмч, багш нарынхаа цалинг бүрэн дүүрэн нэмээд өгчих хэмжээний мөнгө. Ийм ажил хийж байхад яагаад заавал 10 мянган цэргээр төмөр зам бариулах гээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Хүрз, жоотуугаар төмөр зам бариулна гэж юу байдаг юм бэ. Олон улсад өрсөлдөх чадвар хаана байна, 24 тэрбум төгрөгөөр хэдэн км зам барих юм. Энэ мөнгөөр хамгийн ихдээ зургаан км зам л барина. Гэтэл зургаахан км замаар хаашаа явах вэ. Энэ мэтээр эдийн засгийн үр ашгийг нь тооцоогүй зүйлийг оруулж ирээд байгаад бид эсэргүүцээд байгаа юм.
-Ирэх оны төсөвт реформ хийх нь худлаа болчихож байх шиг байна?
-Төрийн данхайсан бүтэцдээ реформ хийнэ гэсэн яасан. Бүгдийг татаад авчихсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг зөвөөр гаргаж байдаг Үндэсний статистикийн газрыг Засгийн газрын мэдэлд авчирсан. Уг нь энэ газар УИХ-ын мэдэлд байгаад Засгийн газраасаа хараат бус байж, гүйцэтгэх засаглалын ажилд үнэлгээ дүгнэлт өгч байх учиртай юм. Энэ газар гаргах ёстой тоонуудаа хаанаас ч, хэнээс ч хараат бусаар гаргаж байх ёстой юм. Ингээд өнгөрсөн 20-иод жилд олсон ололтоосоо бүгдээс нь ухарчихлаа шүү дээ. Ер нь бодлогын алдааг эцэст нь тултал хийж байгаа нь энэ. АН-ынхан Монгол Улсын эдийн засгаар ингэж тоглож болохгүй биз дээ.
-Эцсийн дүндээ бүх салбарт хямрал нүүрлэсэн нь гүйцэтгэх засаглалын эрх мэдэл байхгүй болсонтой холбоотой гэдэг. Харин өдгөө өргөн бариад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг өндөрсгөсөн байсан. Та хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Би хувьдаа санал нэг байгаа. Сайд нар барьцаалагдсан байдалтай явснаас Ерөнхий сайд нь танхимынхаа сайд нарыг оруулж ирээд томилуулдаг байх нь зөв гэж үздэг. Ер нь Ерөнхий сайд нь ажлаа хариуцсан шиг хариуцаад ажлаа хийсэн шиг хийгээд явах нь зүйд нийцнэ. Өнгөрсөн бүхнийг харахад энэ шийдэл нь зөв харагдаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар гэхэд эдийн засаг нь унаад бодлогын алдаа нь гаараад байдаг. Гэтэл үүнд нь хэн ч хариуцлага хүлээхгүй байна шүү дээ. Энэ бүх эмх замбараагүй байдалд цэг тавих боломж нь Ерөнхий сайдын эрх мэдлийг дээшлүүлэх байж болох гэж харж байгаа. Ер нь зөв зүйтэй өөрчлөлтийг хийх УИХ-ыг ирэх онд ард түмэн гаргах байх гэж итгэж байна.
М.ӨНӨРЖАРГАЛ