Ирэх оны төсөвт эдийн засагчид “муу” дүн тавилаа Том онцлох мэдээ 2015/11/04 1265 Д.Билгүүн Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн Ирэх оны төсөвт шинэ бодлого огт харагдахгүй байна. Ухаалаг төр ямар ч хямралаас эдийн засгийнхаа бүтцийг өөрчилж, тэр чиг баримжаандаа үйлдвэрлэлийнхээ бол технологид нь өөрчлөлт хийж гардаг. Нөгөө талаас төр засаг ухаалаг байхын тулд эдийн засгаа жолоодох, зохицуулах механизм, түүнийхээ архитектурыг өөрчилдөг. Гэтэл Монголын төр татварынхаа бодлогыг өөрчилж чадахгүй байна. Зээлийн хүүгийн болоод цалин, хөлсний бодлогоо өөрчилж чадахгүй байна. Эдийн засгийн ямар ч өөрчлөлт хийх чадвар алга. Яагаад гэвэл, 2013 онд хөрөнгө оруулалтыг дэмжих хууль гаргасан. Тэр АН-ынхны энэ үед үлдээсэн хамгийн том "нүгэл” болж хувирлаа. Тэр хуулиар бүх гар, хөлийг нь хүлчихсэн учраас одоо эдийн засгаа зохицуулах ямар ч боломжгүй. Ийм байдлаар 2016 оны төсвийн асуудал үндсэндээ шийдэгдэж байна. Ингээд бодоход эдийн засагт гэрэл гэгээ алга, байдал хүнд байна. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав Манайд нэг хоцрогдсон сэтгэхүй бий. Нийт эдийн засгаа төсөв гэж хардаг. Энэ бол соцолизмын үеийн бодол. Улсын төсөв нийт эдийн засгийнхаа 20 хувьтай л тэнцдэг. Гэтэл бодит байдал дээр хяналтгүй явсаар байна. Үүнийг ч улстөрчид хянах сонирхолгүй байдаг бололтой. Учир нь төсвийн хөрөнгө оруулалтыг тендер нэрээр далимдуулж мөнгө иддэг болсон. Эдийн засагч, судлаач Х.Батсуурь ...Зардлыг танасан гээд байгаа. Гэвч үгүй. Харин ч урсгал зардал 5.82 их наядаас 6.06 их наяд болж 4.1 хувиар өссөн. Урсгал зардлын 25 хувийг эзэлдэг цалин хөлсийг 14 хувиар буулгасан хэдий ч бараа үйлчилгээний бусад зардал, татаас шилжүүлгүүд бүгд өсөлттэй байгаа нь зардлын хуваарилалтад өөрчлөлт оруулснаас бус зардлыг танасан зүйл үгүй гэж харагдаж байна. Өрийн үйлчилгээний төлбөр нэмэгдсэн, цаашид ч нэмэгдсээр байх болно. Хүн ам өсөөд буй тул зардал хэмнэгдэхээс яах вэ гэсэн үнэмшил муутай тайлбарт хүмүүс хууртагдахаа байсан. Харин бид тансаглал, үргүй зарлагыг танаж чадахгүй байна гээд үнэнээ хэлбэл ойлгоно... Эдийн засагч, судлаач Д.Баярмаа ...Ирэх жилийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.98, нийт зарлагыг нь 7.88 их наяд төгрөгөөр төсөвлөж байна. Ингээд алдагдалыг нь 900 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.27 хувьтай тэнцэнэ гэсэн. төсвийн орлогыг тооцохдоо түүхий эдийн үнэ ханш экспортын хэмжээг өмнөх жилүүдээс харьцангуй бодитоор таамагласан гэж үзэж байна. Гэвч өөдрөгөөр төсөөлсөн зүйл бас л байсаар байна. Дэлхийн эдийн засаг ирэх онд сэргэх төлөвгүй байна... 1265