О.Баасанхүү “МАХН аль ажил ярьсан хүнээ хөөчихдөг”
Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага олны анхаарлыг ихэд татаж байна. Тэрбээр МАХН хийгээд Н.Энхбаярын талаар "хатуухан” гэмээр ярилцлагыг өгсөн. Тэгвэл түүний ярилцлагаас энэ удаагийн 24 баримт үргэлжилж байна.
1. Өдгөөгөөс 90 жилийн өмнө МАХН гэсэн ганцхан нам байсан. Дараа нь 5-6 нам "мэндэлсэн”. Тэр үед эдгээр тав, зургаан намыг нэг нам болгоё гээд тухайн үеийн МАХН-ын нөлөө бүхий залуучуудыг нэгтгэж Ардчилсан намыг байгуулсан түүхтэй. Тэгэхээр АН, МАН хоёр нэг угшилтай нам болж байгаа юм. Энэ тухай С.Зориг агсан мэддэг болохоор эсэргүүцэж байсан. Гэвч С.Зориг ч алагдаж, ард түмэн ч энэ тухай мартжээ.
2. Нийтлэлч Баабар "сэхээтний” гэдэг энэ намыг "Жижигхэн боовтой нам” гэж тодотгосон. Тэгэхээр МАН, АН бол нэг нам. Ард түмэн гуравдагч хүчин гээд байгаа хэдий ч үнэн чанартаа улс төрийн хоёрдогч хүчин үгүйлэгдэж байна.
3. Иймээс Дээд шүүхэд бүртгэлтэй намууд нэгдээд гуравдагч хүчин болохоор саналаа нэгтгээд Сонгуулийн хуулийг боловсруулсан боловч зөвшилцсөн гэх сөрөг хүчин тэднээс нүүрээ буруулж, АН-тай нэгдэж жижиг намуудыг гаргаж ирэхээргүй хууль баталсан.
4. Юуны түрүүнд намыг бус хүн дугуйлах ёстой. Дараа нь хар машины тооллого.
5. Миний хувьд хар машины тооллогын 10-15 хувийг хакердсан гэж харддаг. Тэгэхээр эргэлзээг тайлахын тулд хөндлөнгийн аудит оруулах хэрэгтэй
6. Үнэндээ АН, МАН-ынхан 48 тойргоо өмчлөөд авчихсан. Амархан шүү дээ. Тухайлбал, "Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэхэд Өмнөговь аймгийн 15 мянган хүний саналыг худалдаад авчихна. Хүн бүрт 30 мянган төгрөг өгөхөд л хангалттай. Дөрвөн жилийн хугацаанд нэг хүний саналыг 30 мянгаар худалдаад авах олигархиуд Монголд олон бий.
7. Үндсэн хуулийн Цэц айдастай болчихсон. Цэцийн гишүүдийг тэтгэврийн насных гээд хэлчихсэн, тэд ажилгүй болчихож магадгүй гэсэн айдастай байна. Цэцийн гишүүдийн баруун бөөрөнд хутга шаачихсантай адил.
8. Манай нам бүлгийн даргаа ч томилж чадахгүй байна. Хэвлэлээр О.Баасанхүү бүлгийн дарга болох донтой гэсэн байна билээ. Энэ захиалгатай нийтлэл гэдгийг мэднэ ээ. Үнэндээ би биш МАХН бүлгийн дарга болох донтой юм.
9. Тэр дөрвөн үсэгтэй намд давхар дээлгүй ганцхан гишүүн байгаа нь Д.Тэрбишдагва. Тэр хүнийг бол гэсэн ч татгалзсан.
10. Хамгийн наад зах нь Төсвийн хүрээний мэдэгдэл хийх үед онигоотой юм болсон шүү дээ. Эсэргүүцсэн мэдэгдлийг бүлгийн дарга Н.Батцэрэг унших болоход Төсвийн хуулиа эсэргүүцдэг Засгийн газрын гишүүн байж болохгүй болж таарсан. Иймээс аргагүйн эрхэнд би уншсан. Ингэжбүхэл бүтэн 200 мянган хүний саналыг уландаа гишгэж болохгүй
11. Тэгэхээр ингэж барьцаалагдаж, хов живээр ард түмнээ хулхидаж, Монголын иргэдийн сонголтыг доромжилж болохгүй. Тиймээс би МАХН-ын дарга Н.Энхбаярт миний бие ядаж байнгын хорооны дарга гэсэн энэ хоёр хүнээсээ бүлгийн даргаа сонгооч ээ гэж гуйсан.
12. Уг нь манай бүлэг МАН, АН-ыг нэгтгэхгүйн тулд Засгийн газарт орсон. Гэтэл одоо албан тушаалдаа мансуураад завхарсан юм болж байна.
13. МАХН аль ажил ярьсан хүнээ хөөчихдөг шүү дээ. Тухайлбал, Д.Өрнөхбаяр, С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр, Ю.Атар, Р.Барсболд гээд олон хүнийг хөөсөн. Хөөгдөөгүй хэн байгаа юм.
14. Би бол өөрийнхөө хүсэлтээр гарахгүй. Миний хувьд ажил хиймээр байна гэдэг ганцхан шаардлага тавьдаг. Хөгжлийн хөтөлбөрийг эрдэмтэн, доктор, хуульчдыг нийлүүлсэн томоохон багтай хамтарч боловсруулсан.
15. Монголын ард түмнийг энэ хоёр том нам нэг нь ядууруулъя, нөгөө нь мунхруулъя гэсэн уралдаан зарлаж.
16. Аливаа хуулийг зөвхөн өөрийнхөө бүлгээс асууж байгаад шийддэг. Ямар сайндаа би АН-ын бүлгийн гишүүн болдог юм бил үү гэж бодож байгаа. Миний бие 26 хууль санаачилсан. Тэгэхээр АН-ын бүлэгт орвол хуулиа дэмжүүлж магадгүй. АН, МАН-ынхан надтай уулзаад бушуухан зургаан сар өнгөрөөд чи зайлаасай гэдэг юм.
17. Манай намынхан заримдаа намайг Женкотой айхтар харддаг.
18. Н.Энхбаяр дарга хорих ангид өлсгөлөн зарлаад 11 хоноод яг амь тавих гэж байхад би ангийнхаа найз А.Гансүх дээр гүйж очоод "Женко” Х.Баттулгатай уулзуулаадах гэсэн юм. Тэгээд Женкогийн өрөө рүү дайрах шахан ороод "Н.Энхбаярын өмгөөлөгч байна. Хоёулаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч рүү явъя” гэсэн.
19. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу яриад Н.Энхбаяр даргыг 461-ийн эмнэлэгт хэвтүүлсэн юм. Тэгээд өлсгөлөнгөө зогсоосон.
20. Х.Баттулга амийг нь аварсан хүн. Гэтэл амийг нь аварсан хүний хүн гээд намайг хардах юм.
21. Уг нь манай намын дарга хүн бүр гурван тойрог услаарай гэсэн. Миний хувьд Дорнод, Чингэлтэй, Эрдэнэт гэсэн тойрог аваад Чингэлтэй дүүрэгт усалгаа хийх гээд тэр газрынхаа намын даргыг авах санал тавьсан.
22. Уг нь намын гишүүд нь намайг намын дарга болгохыг дэмжсэн. Гэвч Н.Энхбаяр дарга зөвшөөрөхгүй дөрвөн жил боллоо.
23. Үнэндээ намайг ирэх жилийн сонгуульд нэр дэвшүүлэх, үгүйг мэдэхгүй юм.
24. Өргөн барих гэж байгаа олон хуулийн төсөл ч байна. Тэр хуулиудаа ямартай ч ард түмнээрээ хэлэлцүүлээд, батлуулж байж УИХ-аас сална даа.
Эх сурвалж: Л.Мандах
Сэтгэгдэл байхгүй байна.