Тал засалгүй дэмжих “5 хувийн хүү”
Өнгөрсөн жилийн турш нийгэмд орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох хүлээлт үүсээд байсан. Гэвч хөрсөн дээр буугаагүй энэ шийдэл, судалгааны түвшингээс хэтэрсэнгүй салбарын хоёр сайдын ам дамжин яригдаад намжив. Учир нь эрх баригчдын зүгээс орон сууцны урьдчилгаа төлбөрийг бус зээлийн хүүг бууруулах нь зөв шийдэл гэж үзжээ. Тооцоо судалгаагаа ч нарийвчлан гаргаснаа УИХ-ын даргын өрөөнөөс мэдэгдэв.
Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал албан ёсоор ам нээгээгүй, салбарын сайдаас зугтаах нь холгүй ажил хэргийн уулзалтаас бултаж байсан Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-ын даргын уулзалтын үеэрх "Инфляци 14 хувьтай байхад ипотекийн зээл 8 хувийн хүүтэй хэрэгжиж чадсан. Харин одоо инфляци 2.9 хувь болж буурсан энэ үед ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох боломжтой” хэмээн өсгөгчтэй микрофоноор чанга дуугаар хэлэв. Хэрвээ ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болговол банкууд өрхийн сарын орлогыг 1.8 сая төгрөг байх шалгуур тавьж, иргэд 90 хувийн зээлийн дарамтад орох аж. Харин ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бус жилийн 8 хувийн хүүг бууруулснаар эдийн засагт, иргэдийн амжиргаанд эерэг өөрчлөлт үр дүн гарна гэж тооцжээ.Өнөөдөр 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрх сарын орлого 1.3 сая орчим төгрөг байх шаардлагатай байгаа. Харин ипотекийн зээлийн хүүг бууруулж 5 хувь болгосноор өрхийн сарын орлого заавал 1 сая төгрөг байх шаардлагагүй. Жишээлбэл, Таны орлого 450 мянган төгрөг байсан ч та орлогодоо нийцүүлэн 40, 30, 20 метр квадрат байрны зээл авч болох юм гэдгийг АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар онцолж байсан. Нөгөөтэйгүүр ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбай 80 ам.метр байх гэсэн журмыг ч өөрчилж, хязгаарлалтгүй болгох.Өнөөдрийн байдлаар 18 мянга орчим өрх 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байгаа. Харамсалтай нь ҮХЦ-ийн шийдвэрээр энэ зээл олголт "түр зогсоод” байгаа билээ.
Гацаанд ороод байгаа ипотекийн зээлийг үргэлжлүүлэх төслийг хууль тогтоогчид боловсруулан УИХ-д өргөн барилаа. Энэ төслийг УИХ-аар хэлэлцсэнээр Үндсэн хуульд харшлахгүйгээр зохицуулалт хуульд тусгагдаж, банкууд орон сууцны зээлийг үргэлжлүүлэн олгох нөхцөл бүрдэж байгаа юм. Хууль батлагдсанаар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хэрэгжүүлээд зогсохгүй Засгийн газраас журамд өөрчлөлт оруулан зээлийн хүүг 5 болгон зохицуулалт хийгдэхийг эрх баригчид онцолсон. Ингэснээр өнөөдөр ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 78 мянган өрхийн нуруун дээрх ачаалал буурч, 5 хувьд шилжих юм.
Нөгөөтэйгүүр ипотекийн зээлийн хүү 5 хувь болж буурснаар банкнаас өрхийн сарын орлогод тавих шалгуур 500 мянган төгрөг байх нь төрөөс залуусаа дэмжсэн бодлого болох нь. Дөнгөж сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхэлж байгаа залууст зарим байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 207.000 төгрөгөөр цалинг нь эхлүүлдэг. Тиймээс залуу гэр бүлийн өрхийн орлого нийлээд 700 мянган төгрөг байлаа гэхэд орон сууцны зээл, сарын гэрэл цахилгаан, байрны мөнгө, хоол хүнсний хэрэглээгээ зохицуулаад явчихна. Өрхийн орлого хүрэлцээгүйгээс аав ээжийндээ, айлын хажуу өрөө түрээслэн орлогоо зарлагдаад байхгүй, өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэж байна гэсэн үг.
Тиймээс эрх баригчдын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ипотекийн зээлийн хүүг бууруулах ажил орон сууцны зээлд хамрагдсан болох хамрагдах гэж байгаа иргэдийн "загатнасан газар маажих” шиг судсыг нь барилаа. Эдийн засгийн хямралтай энэ жилүүдэд иргэд ипотекийн зээлээ цаг хугацаанд нь төлөхийн төлөө өрхийн төсвөө хэмнэж, зарлагаа хянаж, тархиа ажиллуулан зүтгэж байгаа. Харин шинэ оны эхний долоо хоногт ипотекийн зээлийн хүүг бууруулах эрх баригчдын шинэ шийдэл иргэдийн зовхийг өөд татсан мэдээлэл байлаа. Тиймээс ч "Хэрвээ эрх баригчид орон сууцны зээлийн хүүг бууруулж, 5 хувьд хүргэдэг юм бол ирэх сонгуулиар АН-аас нэр дэвшсэн чөтгөрийг ч сонгон дугуйлаад явуулна” хэмээн нүд нь гялалзаж, нүүрэнд нь инээмсэглэл тодорчихсон, төрийн албан мэдээллийг чих тавин, чагнацгааж байна.АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд ипотекийн зээлийн хүүг 5 болгох шийдвэрийг Сар шинээс өмнө шийдвэрлэнэ гэсэн. Үг, үйлдлээ цэнэх сонгуулийн жилийн хариуцлага нэхсэн энэ өдрүүдэд эрх баригч намын дарга сэтгэл хөдлөлөөрөө хэлчихээгүй нь лавтай.
Тэгээд ч ипотекийн зээлийн хүү 5 хувь болж ажил хэрэг болох шийдвэрийг 8 хувийн хүүд хамрагдсан 78 мянган өрх, зээлд хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлэх хүлээж байгаа 18 мянган иргэн, ирээдүйд орон сууц зээлд хамрагдахаар ажлын гараа эхлүүлж байгаа олон мянган залуус хүлээж, харж л байна.
Н.Энхбат
Сэтгэгдэл байхгүй байна.