З.Баянсэлэнгэ урьдчилгаа төлбөрийг 10 болгоно гэж худлаа ярьсан уу
Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 10 хувь болохыг хүлээсэн иргэн цөөнгүй. Энэ талаар салбарын сайд З.Баянсэлэнгэ "Ипотекийн зээлийн урьдчилгааг 30 биш 10 хувь болгох талаар Засгийн газрын тогтоол гарсан. Үүний үр дүнд орон сууцны зээлийн урьдчилгаа 10 хувь болох алхам амжилттай эхэлж байна. Урьдчилгаа 30 хувиа хийхэд иргэдэд хүндрэлтэй байна. Тиймээс 10 хувийн урьдчилгаатай, найман хувийн хүүтэй орон сууцны зээл цаашид үргэлжилнэ. Тодруулбал, иргэн 10 хувь, Монголбанк 63 хувь, банк долоон хувь, барилгын компаниуд 20 хувийг даахаар төсөөлсөн байгаа” хэмээсэн. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал "Засгийн газраас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох тухай ямар ч судалгаа ирүүлээгүй. Хэрэв судалгаа материалаа ирүүлбэл бид хэлэлцэнэ” гэж мэдэгдлээ. Тэгэхээр салбарын сайд З.Баянсэлэнгийн "Монголбанк зээлийн 63 хувийг батлан даана” гэсэн тооцоололыг Төв банк зөвшөөрөөгүй гэсэн үг.