Зөрчлийн 10 оноог тооцох журамтай холбогдуулж ажлын хэсэг гарч ажиллахаар болов
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зарим заалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Тэгвэл шинээр мөрдөгдөн эхлэх гэж байгаа жолоочийн зөрчлийн онооны систем нь осолд холбогдсон даатгуулагч иргэд, даатгалын байгууллага болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа тэдгээрийн харилцаанд үүсэх нөхцөл байдлын талаар уулзалт зохион байгуулагджээ. Уулзалтад Замын цагдаагийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын компанийн удирдлагууд, даатгалын шуурхай дуудлагын үйл ажиллагаа эрхэлдэг "Автосос” компани зэрэг байгууллагууд оролцов. Эл уулзалтад оролцсон замын цагдаагийн албаны эх сурвалжийн ярьснаар "Тулгамдсан асуудал бол энгийн. Онооны систем үйлчлээд эхлэнгүүт осолд холбогдсон жолооч 10 онооноосоо 50%-ийг нь нэг дор хасуулахгүйн тулд Замын цагдаад дуудлага өгөхгүй хоорондоо тохиролцох асуудал гарч болзошгүй, ийм хандлага ажиглагдаад эхэлсэн гэмээр. Үүний үр дүнд нэгэнт цагдаад бүртгүүлээгүй жолооч даатгалаас нөхөн төлбөр авах боломж багасах магадлал өндөр байгаа юм. Эцсийн дүндээ санамсаргүй байдлаар осолд холбогдсон жолооч хохирч үлдэх, эсвэл Замын цагдаа дээр харилцан тохиролцсон боловч төлбөрөө авч чадаагүй жолооч нарын өргөдөл дүүрэх эрсдэлтэй дүр зураг харагдаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар ажлын хэсэг гарч ажиллахаар болов. Гол зорилго нь тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх, яавал тэдгээрийн эрх ашиг зөрчигдөхгүй байх, осолд холбогдсон жолооч нар заавал цагдаагийн байгууллагад биш даатгалын байгууллага түүний шуурхай албанд хандаж нөхөн төлбөрөө шууд авч болох эсэх асуудал байлаа” гэлээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.