Инфляци 1.9 хувьтай байна
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /УБСЕГ/ өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн оны турш эдийн засаг хямарлаа, аж амьдрал хэцүүдлээ хэмээн мэдээлсээр ирсэн ч инфляци эрс буурсан үзүүлэлттэй гарсан нь хамгийн гэрэл гэгээтэй мэдээлэл байлаа. Хоёр оны заагт улс орны хэмжээнд инфляци 1.9 хувьтай гарчээ. Инфляци буюу хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2015 оны арванхоёрдугаарс ард өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, оны эхнээс 1.9 хувиар өсяээ. Инфляци буурахад мах, махан бүтээгдэхүүний хямдрал хамгаас илүү нөлөөлснийг ҮСХ-ныхон онцолж байлаа. Харин арваннэгдүгээр сараасаа ялимгүй өсөлттэй гарахад боловсролын үйлчилгээ, хувцас, бөс бараа, гутлын болон орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ бага зэргийн нэмэгдсэн нь нөлөөлжээ. Инфляцийн төвшинг оноор нь гаргавал 2013 онд 11 хувь, 2014 онд 12.3 хувьтай байсан юм.
ҮСХ-ноос гаргасан мэдээллээр Монгол Улс 2015 онд дэлхийн 147 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8466.6 сая ам.доллар, үүнээс экспорт 4669.5 сая ам.доллар, импорт 3797.2 сая ам.долларт хүрчээ. Энэ нь дээрх үзүүүлэлтүүд 19.1-27.5 хувиар буурсан гэсэн үг юм. Экспортын бууралтад нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн экспорт нөлөөлсөн бол импортын бууралтад хилээр оруулж ирсэн бензин, суудлын автомашин, нийтийн тээврийн хэрэгслийн тоо буурсан нь голлон нөлөөлжээ.
Д.ЦЭЭНЭ
Сэтгэгдэл байхгүй байна.