“Төсвийн тодотгол хийхгүй бол нэг хүүхдэд 12 мянган төгрөг олгоно”

0

-Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгохын тулд Засгийн газраас төсвийн тодотгол оруулж ирэхгүй бол хүүхэд бүрт 12 мянган төгрөг олгох ёстой болно гэж Төсвийн байнгын хорооны гишүүд анхааруулж байлаа-

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Энэхүү  тогтоолын төсөлд 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг ямар шалгуур тавихгүйгээр олгох тухай тусгасан байгаа юм. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Батцогт тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж гишүүд дэмжлээ.

-УИХ-гишүүн Д.Дэмбэрэл "Тогтоолын төслийг баталлаа гээд улсын төсвийг давсан шийдвэр болохгүй. Хүүхдийн мөнгөө бүрэн өгье гэж бодож байгаа бол яаралтай төсвийн тодотгол оруулж ирэх хэрэгтэй. Хэрэв энэ зөрчлөө арилгахгүй бол байгаа нөхцөл бололцоогоо ашиглаад хүүхдүүдэд 12 мянган төгрөг өгөх хэрэгтэй. Хэрэв ингэхгүй бол Төсвийн тухай хуулийг зөрчсөн асуудал болно шүү” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "1.030 сая хүүхдээ алагчлахгүйгээр олгох хэрэгтэй. Төсвийн тодотголоо оруулж ирээд энэ мөнгөө баталгаатай өгнө гэдэгт санал нэгдэх ёстой. Төсвийн тодотголоо хамтад нь шийдэхгүй бол энэ асуудлыг бүрэн шийдэхгүй шүү. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүртгэлд хамрагдаагүй 297 мянган хүүхдэд мөнгө олгохгүй гээд байгаа юм. Эдгээр хүүхдүүдийг орхиж болохгүй шүү гэдгийг анхааруулъя. Алагчлахгүй өгнө гэсэн шийдвэр гаргуулчихаад хүүхэд орхигдуулах вий гэдэгт анхаарах ёстой” гэлээ.

Ингээд энэхүү асуудлыг хэлэлцэж дэмжсэнээр "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр батлахаар болсон юм.

Д.ЖАРГАЛ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.