Хүүхдийн мөнгөний эх үүсвэр тодорхойгүй байна
Засгийн газраас Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Энэ дагуу УИХ хэлэлцэж байгаа. Төсөвт хүүхдийн мөнгө шаардлагатай 1-17 бүлгийн өрхийн хүүхдэд зориулж 144 тэрбумыг л тусгасан. Гэвч энэ нь олон хүний шүүмжлэлтэй тулгарсан. Иймд Засгийн газраас бүх хүүхдэд 20 мянгыг үргэлжлүүлэн өгөхөөр ийнхүү төсөл боловсруулсан юм. Гэтэл төсөвт бүх хүүхдэд өмнөх жишгийн дагуу олгох эх үүсвэрийг суулгаагүй. Одоогоор ямар эх үүсвэрээс энэ мөнгийг олгох нь ч тодорхойгүй байгаа аж.
Сангийн сайд Б.Болорын хэлж байгаагаар бол хүүхдийн мөнгөний нэмэлт зардлыг ямар эх үүсвэрээс олгох тооцоолол хийгдэж байгаа учир одоогоор тодорхой хэлэх боломжгүй. Харин одоо байгаа эх үүсвэрээсээ хүүхэд бүрт мөнгөө олгоод явж байх хэрэгтэй. Ямартай ч хүүхдийн мөнгө олгох асуудалтай холбогдуулан төсвийн тодотгол гарцаагүй орж ирнэ гэсэн юм.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард 1 сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө болох 240 тэрбумыг олгосон. Энэ нь төсөвт дарамт учруулж байна гэж үзсэн учраас 144 тэрбумыг энэ оны төсөвт оруулж өгсөн. Энэ дагуу Засгийн газар 1-17 бүлэгт орсон бол хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авна шийдвэр гаргасан боловч өнөөдөр байдал өөрчлөгдөөд байна. 144 тэрбумыг зорилтот бүлгийн хүүхдэд олгосноор төсвийг 40 хувиар бууруулж чадсан гэж Сангийн яамнаас хэлж байв. Харин өнөөдөр бүх хүүхдэд олгоё гэсэн ч эх үүсвэргүй байна. Өмнөх жишгийн дагуу олговол 100 орчим тэрбумын эх үүсвэрийн асуудал гарч ирэх юм.