Наймдугаар сар дуустал 20.000 олгох боломжтой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ хуульд оруулах өөрчлөлтөөр 0-18 хүртэлх насны бүх хүүхдэд сар тутам 20 мянган төгрөг олгох болж буй юм. Энэ асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт 2016 оны төсвийн тодотголыг УИХ-аар хийлгээгүй цагт хүүхэд бүрт оногдох 20 мянган төгрөг 12 мянга болж буурна. Тийм учраас төсөвт тодотгол хийх ёстой. Дээр нь хоёр сарын өмнө хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоос аргагүй байна гэсэн, гэтэл одоо боломжтой боллоо гэх. 300 мянган өрхийг судалгаанд хамруулаагүй, юунаас болж хоцорсонд хариулт өг гэж байлаа.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: Энэ оны наймдугаар сарыг дуустал хүүхдийн мөнгө олгох бүрэн боломжтой байгаа. Тухайн үед төсвийн хүндрэлтэй байдлыг бодолцоод 1-17 дугаар бүлгийн хүүхдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг би гаргаагүй. Хавтгайрсан халамжийг халъя, зорилтот бүлэг рүү хандуулъя гэдгийг хүн бүр ярьдаг. Ажил хэрэг болгох болоход улс төр хийх шаардлагагүй. Нийт өрхийн 86 хувь нь өрхийн судалгаанд хамрагдсан. Тэдний хувьд хүүхдийн мөнгө авч байсан хэлбэрээрээ авна. Нийтдээ 97 мянган хүүхэд өрхийн мэдээллийн судалгаанд хамрагдаагүй байгаа. Иргэний үүрэг хариуцлага гэж байх ёстой, амьжиргааны төвшнөө тодорхойлуулаад шийдүүлээд явах ёстой. Өнөөдрийн өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн 1-20 дахь бүлгийнхэн нэмж мэдээллийн санд бүртгүүлэх шаардлагагүй, хүүхдийн мөнгө нь олгогдоод явна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ тогтоол төсвийн тухай хуулиа зөрчих юм биш биз. Төсвийн тодотгол, тогтоол хоёр зэрэг орж ирэх ёстой байсан юм биш үү?
С.Эрдэнэ: 103 тогтоолын заалтад хүүхдийн мөнгөний хэмжээ хэтэрсэн тохиолдолд төсвийн тодотголыг өргөн мэдүүлнэ. Тэр болтол зохицуулалт хийгээд явах бүрэн боломжтой.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Сар гаруйн өмнө бид төсвөө баталсан. Тэр үед бид энэ тухай ярьж байсан. Мөнгө байхгүй гэсэн, гэтэл яагаад энийгээ тооцож болдоггүй юм. Сонгуульд яаж орох вэ гэдгээ ярьтал баларчихсан байж. Тэгээд л хүүхэд бүрт 20 мянга олгохоор оруулж ирлээ. Энэ тохиолдолд 100 гаруй тэрбум төгрөг орно. Мөнгө байсан юм бол төсвөө ярих үед яагаад оруулж ирээгүй юм бэ.
Хоёрт, 2016 оны зургадугаар сараас хойш хүүхдийн мөнгө зогсох нь. Төсөвт тодотгол хийхгүй гэж ярьж байна. Ингэж болохгүй. Ер нь сонгуулийн л юм явж байна. Хамтын тэтгэвэр ч сонгуулийн. Биднээс хойш галав юүлсэн ч яахав гэж хандаж байна, та бүхэн.
Засгийн эрхийг Ардчилсан намынхнаас салгаж Монголын ард түмний магнайг тэнийлгэж өгөөч гэж танай намын Баабар бичсэн байна лээ. Одоо та бүхэн тогтоолоор хуулийг зөрчөөд явдаг юм руу явах нь. С.Эрдэнэ сайд та энийг хариуцаж байгаа чинь үнэн шүү. Засгийн газар дотроо юу гэж ярьсан чинь сонин биш. Таны үед хүүхдийн мөнгө хасагдсан чинь үнэн. Бид бол нэг айлд ч гэсэн ахиу мөнгө олгохын төлөө л байгаа. Олон хүүхэдтэй эхийн мөнгийг нэм гэсэн, та Ардын намынхны төсөл гээд дэмжээгүй.
Сайд С.Эрдэнэ: Сайдын хувьд хариуцлагаас зугтаах юм байхгүй. Хүүхдийн мөнгө олгогдохгүй хугацаа нь хэтэрвэл хариуцлагаа хүлээнэ. 2015 онд хүүхдийн 20 мянга бүрэн олгогдсон, 2016 онд бүрэн олгогдоно.
Дахиад хэлье УИХ-ын 103 дугаар тогтоолоор хүүхдийн мөнгөний зарцуулалт хэтрэх бол төсвийн тодотголоор шийдэхээр Ерөнхий сайдад эрх өгсөн. Тэгэхээр энэний дагуу 2016 оны төсвийн тодотголыг оруулж ирнэ. Та битгий мушги. Улс төрийн тань туршлагыг тань хүндэтгэж явдаг. Баабарын асуудлыг яриад байх шаардлагагүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн дуртай нь ярьдаг. Баабарын үгээр би зайлчихдаг ч юм биш. Надаас хойш галав юүлсэн ч яахав гэдэг байдлаар би хандаж байгаагүй. 2016 онд хэн нь зайлж, хэн нь үлдэх вэ гэдгийг та ч тодорхойлдог юм биш. Ард түмэн шийднэ. Сөрөг хүчин гэхээр бусад руугаа дайрдаг, хэнд юу дуртайгаа хэлдэг юм биш. Битгий анархи зан гаргаад бай.
УИХ-ын гишүүн Г.Уянга: 2004 онд энэ мөнгө 10 мянга байсан, тэр үед амьжиргаа гайгүй байсан. Одоо харин 20 мянга айл бүрийн амиа зогоодог хэрэгсэл болж хувирсан. Амьжиргааны төвшин хэрхэн дордсоныг энэ үйлдлээс мэдэж болно. Зурагт, угаалгын машинтай бол амьжиргааны төвшин сайн байна гэж дүгнээд хассан байсан. Энэ алдаагаа засч байна. Хүүхдийн мөнгө олгоход 71.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэж. Бодитой энэ мөнгөө хаанаас яаж олох вэ. Зурагттай угаалгын машинтай айлын хүүхдэд яахаараа20 мянган төгрөг өгөхгүй гэж хасдаг юм бэ. Өрхийн амьжиргааны төвшний судалгааны үндэслэлийг тайлбарлаж өгөөч, ойлгогдохгүй байна. Гудамжны хүүхэд мөнгөө яаж авах вэ?
Сайд С.Эрдэнэ: 71 тэрбум төгрөгийн эх үүсвэр Хүний хөгжил сангийн орлого дээр суулгана. Тодотгол хийх явцдаа нарийн ярьж шийдэх байх. УИХ-аар орж батлагдана. Гэр орноосоо дайжсан айл өрхийн хүүхдийн судалгаа, гудамжинд байгаа хүүхдийн бүртгэл судалгааг нарийвчлан хийсэн. Бүртгэлгүй хүүхэд байхгүй, бүрэн хийхийн төлөө ажилласан. Хүүхдийн асрамжийн газрыг Өнөр бүл төв болгож өргөжүүлсэн. Цагдаагийн байгууллага болоод бусад байгууллагатай хамтраад хүүхдийн судалгааг бүрэн хийсэн. Хүүхдийн мөнгийг нь асран хамгаалах газрынх нь нэр дээр хүүхэд бүрийн нэрээр данс нээгээд олгож байгаа. Хүн амын бүлгүүд рүү чиглэсэн ажил дээр хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүд өргөн баригдсан. Нийгмийн хамгааллын бодлого хүүхдийн эрхийн асуудал хууль эрх зүйн зохицуулалттай болно. Хамрагдаагүй хүүхдийн асуудал нь, шинээр мэндэлсэн 144 мянган хүүхдийг хасвал 97 мянган хүүхдийн асуудал байгаа. Өрхийн судалгаанд өөрсдөө хамрагдаагүй. Гадаадад амьдарч байсан, хамрагдахыг хүсээгүй иргэд. Угаалгын машин, унадаг машинаар амьжиргааны төвшин тогтоодоггүй. Нийтдээ 46 үзүүлэлтээр тогтоодог. Хоёрхон үзүүлэлт нь дээрх хоёр төрлийн машин. Олон улс орон энэ аргачлалаар өрхийн амьжиргааны төвшинг тогтоосон.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Хүмүүс яриад байна, "Гурилын гамбанз байна уу, байна. Хүн бүрт шүдний сойз, оо байна уу, байна. Танайх боломжийн юм байна” гээд тодорхойлсон гэж... Энэ чинь амьжиргааны төвшинг тогтоох аргачлал мөн үү?
Сайд С.Эрдэнэ: Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд амьжиргааны төвшин тогтоох судалгаа сүүлийн жилүүдэд хийгдсэн. Нийтдээ 46 асуултаар амьжиргааны төвшин тогтоох судалгааг хийсэн. Таны хэлж байгаа жижиг асуудлаас эхлээд орлого бүхий л асуулга орсон.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ
Сэтгэгдэл байхгүй байна.