“Э.Бат-Үүл намайг гүтгэж байна, би хэзээ ч нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө санаа зовж байгаагүй”

0

Хотын дарга асан, МАН-ын дарга М.Энхболд өөрийнх нь хэлснээр "Будаач, будаач гэхээр сахлаа будав” гэгчийн үлгэр боллоо. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийхдээ "М.Энхболд хотын дарга байхдаа нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө дугарч, УИХ дахь нийслэлийн мандатыг нэмэх хүсэлт гаргаж байсан” гэж хэлснийг МАН-ын эрхэм дарга гүтгэлэг хэмээн цоллов. Тэгэхээр тэр өмнө нь хэзээ ч нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө санаа зовинож байгаагүй нэгэн бололтой. Намынхаа хотын фракцийн тэргүүн гэгддэг энэ эрхэм нийслэлчүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс УИХ дахь нийслэлийн мандатыг нэмэх санал гаргасны төлөө ийн бухимдав.

МАН-ынхан нийслэлчүүдийг юунд үл тоов

 

Улаанбаатар хотод Монгол Улсын иргэдийн 3/1 хувь нь амьдарч байгаа. Гэсэн атал энэ хүмүүсийг УИХ-д ердөө л 14 гишүүн төлөөлдөг. Угтаа бол дээрх тооны хүмүүсийг 35 гишүүн УИХ-д төлөөлөх учиртай. Нийслэлчүүдийн асуудлыг шийдэхэд хаанаа ч хүрэхгүй байгаа 14 гишүүний тоог ердөө 7-оор нэмж, 21 болгох санал гаргасан нь МАН-ынхны дургүйцлийг хүргэж орхилоо. Нийслэлчүүдийн эрх ашгийг хамгаалах санал гаргасных нь төлөө Ардын намынхан Засгийн газрыг унагах бичигт дуу нэгтэйгээр гарын үсэг зурсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг унагахаар эртнээс хөөцөлдөөд хүчин мөхөсдсөн Г.Уянга гишүүнтэй Ардын намынхан гэнэт нэгдсэн нь Засгийн газрын ажилд сэтгэл дундуур байгаад хариуцлага тооцох гээд байгаа юм биш. Харин "Нийслэлийн мандатыг 24 болговол засгийг чинь унагаана шүү” гэсэн барьцаа аж. Тэд энэ үндэслэлээ хот руу чиглэх төвлөрөл ихэснэ гэж тайлбарласан. Үнэндээ гишүүнээ дагаж хот руу нүүдэг сонгогч байхгүй. Тавьж байгаа үндэслэл нь бүтэлгүйтээд эхэлмэгц МАН-ынхан өмчилсөн тойргоо алдахгүйн тулд Засгийн газрыг барьцаалчихлаа. Бүр нийслэлийн мандатыг нэмэгдүүлэхээр гишүүдтэй үзэж тарж байсан МАН-ын дарга М.Энхболд хүртэл хэлсэн үгнээсээ бухаж, улстөрд баймгүй үйлдэл гаргах боллоо. Энэ нь МАН-ынхан өөрсдийнхөө эрх ашгийг бүхний эхэнд тавьдагийн илрэл. МАН-ынхан Засгийн газрыг огцруулах үндэслэл тавьсан л бол ард нь заавал нэг барьцаа байдаг. Энэ удаа "Орон нутгийн мандатын тоог хэвээр нь үлдээвэл Засгийн газрыг оролдохгүй” гэж эрх баригч намтайгаа тохироо хийхээр ярьж байгааг ойрын эх сурвалж хэллээ. Ийм тохироогоо "Шударга ёс” эвслээс нууж байгаа аж. "Шударга ёс” эвсэл нийслэлийн мандатыг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Гэтэл МАН-ынхан тэднийг ардаа нууж байгаад шантааж хийж эхлэв.

Н.Гэрэл

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.