Д.Баттулгын санаачилсан нийслэлийн мандатыг нэмэх нь хэнд ашигтай вэ
УИХ-ын чуулган энэ долоо хоногт хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргахаар зэхэж байна. Тодруулбал, сонгуультай холбоотой нэгэн маргаан дагуулсан асуудлыг шийдвэрлэнэ. "Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргын мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоох” тогтоолын төслийг хэлэлцэнэ. Өнгөрсөн баасан гаригт СЕХ Төрийн байгуулалтын байнгын хороонд 2008, 2012 оны сонгуулийн жишгээр буюу 48 мандатын 14 нь хотоос, 34 нь орон нутгаас байх зарчмыг баримтлах саналыг оруулж ирсэн байсан. Гэвч АН-аас СЕХ-д үүрэг өгч нийслэлийн мандатыг багасгаж хөдөө орон нутгийн мандатын тоог ихэсгэх хуулийн төслийг оруулж ирлээ. Ингэснээр ихэнх аймгууд нэг мандаттай нэг тойрогтой болох бол нийслэл 5 мандаттай болох юм байна. Өөрөөр хэлбэл хөдөөнөөс 26, хотоос 50 гишүүн сонгогдоно гэсэн үг. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас сонгогддог байсан.Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзан үзнэ гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг. Энэ бол Үндсэн хуулиа зөрчсөн асуудал болно. Нийслэлийн мандатыг нэмэх асуудлыг анх өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын дарга Д.Баттулга гаргасан. Тэрбээр энэхүү саналаа УИХ-ын дарга болон СЕХ-д албан бичгээр хүргүүлсэн. Түүний уг санал хэдийгээр үнэн боловч нийслэлийн мандатыг нэмж орон нутгийн мандатыг хасах нь эргээд маш том хохирол дагуулж болох талтай. Хуулиараа сонгуулийн тойргийг тогтоохдоо гурван хүчин зүйлийг баримтлах ёстой байдаг.
Нэгдүгээрт: Хүн ам
Хоёрдугаарт: Засаг захиргааны нэгж
Гуравдугаарт: Газар нутаг
Ийм байтал ганцхан хүн амын тоо баримтад тулгуурлаж орон нутгийн тойргийг багасгаж нийслэл хотын тойргийг нэмнэ гэдэг нь учир дутагдалтай. Хэрэв ийм шийдвэр гаргавал Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогнолд сөргөөр ч нөлөөлж болзошгүй. Нэгдүгээрт, хөдөө орон нутаг эзгүйрч, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын асуудал хүндэрнэ. Нөгөө л хот руу чиглэсэн бодлого хэрэгжиж орон нутгийн оршин суугчид олноороо хотыг бараадах болно. Ингэснээр хязгаар нутаг эзгүйрэх аюул тулгарна. Тиймээс хүн амын тоо чухал ч газар нутгийн талаар заавал бодож үзэх ёстой. Шинэ батлагдсан Сонгуулийн тухай хуулийн "22.4.Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно" хэмээн заасан байгаа юм. Зах хязгаар нутаг руу төрийн бодлого хүрч чаддаггүй. Хууль сурталчилах нь байтугай гишүүд нь сонгосон иргэдтэйгээ уулзаж чаддаггүй. Орон нутагт 500 хүн цуглуулж уулзалт хийх гэхэд л асуудалтай байдаг. Сумын төвөөсөө зайдуу оршин суудаг малчид төдийлөн иймэрхүү төрлийн уулзалтад ирж оролцоод байж чаддаггүй. Хөдөө болон хотын харьцаа харьцангуй ялгаатай энэ цаг үед Үндсэн хууль зөрчсөн өөрчлөлт хийх хүсэлт гаргаж, түүнийг нь хэлэлцэж байгаа нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Үүнийхээ оронд харин ч бүр зах хязгаар нутаг руу мандатын тоог нэмж, түлхүү анхаарч ажиллах ёстой.
Г.Ган
Сэтгэгдэл байхгүй байна.