Н.Батзаяа: Их шөвөгт үлдэнэ гэдэг хэцүү
Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн. Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Н.Батзаяа, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Т.Баасанхүү нар шалгаран үлдсэн юм.
Ингээд улсын харцага Н.Батзаяатай хийсэн ярилцлагыг танд хүргэж байна.
Тэргүүн эгнээний зүүн гар талаас хоёр дахь нь Н.БАТЗАЯА.
-Сар шинийн барилдааны тавын даваанд олон сонирхолтой барилдаан гарсан. Таны хувьд энэ даваанд улсын аварга С.Мөнхбатыг даван даваагаа ахиулсан. Эндээс яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө Монгол ард түмэндээ сар шинийн мэндийг хүргэж байна. Энэ жилийн сар шинийн барилдаанд сайхан барилдаж, шөвгийн дөрөвт үлдлээ. Тавын даваа бол их сонирхолтой болсон. Барилдааныг бол бүгд харсан. Аваргын хувьд бэртэлтэй байсан. Мөн энэ даваанд олон сайхан барилдаан гарсан. Энэ бүгдийг тайлбарлахад бол хэцүү шүү дээ.
-Энэ жилийн сар шинийн барилдаанд түрүүлэх бөхийн тоонд улсын арслан Э.Оюунболд бичигдэж байсан. Таны хувьд арсланг давж, их шөвөгт үлдсэн. Арслангийн хувьд энэ жил бэртэлтэй байв уу?
-2015 оны Төрийн их наадмын түрүү бөхөөр даваагаа ахиулсан. Оюунболд арслангийн хувьд зүүн гарын бэртэлтэй байсан. Бид хоёрын хувьд сайхан ах, дүүс. Бэртэл гэдэг бол хэцүү.
-Харцагын хувьд улсын аварга Г.Эрхэмбаярыг давсан бол түрүү булаалдахаар үлдэх байлаа шүү дээ?
-7-ын даваа их хүнд болсон. Хэрвээ аваргыг давбал түрүү булаалдахаар үлдэх байсан ч болсонгүй. Эхлээд би барьц сонгоод дараа нь аварга сонгосон. Барьц салах явцад аваргыг ардаа алдаад унасан. Аваргатай бол урьд нь олон барилдаж байсан. Гэхдээ сар шинийн барилдаанд их шөвөгт үлдэнэ гэдэг бол их хэцүү.
-Энэ жилийн барилдаанд улсын начин Т.Баасанхүү их шөвөгт үлдлээ. Тэрээр тавын даваанд улсын гарьд Д.Гончигдамба, зургаагийн даваанд улсын заан Ч.Санжаадамбыг давсан. Түүний талаар юу хэлэх вэ?
-Баасанхүүгийн хувьд бэлтгэл сайн байгаа нь харагдсан. Түүний хувьд үнэхээр сайн барилдсаныг би нуршаад юу гэхэв. Содномдорж бидний хувьд он жавууд. Содном маань манай ангийн хүргэн. Тэр бидний 10 жилийн ангийн маань охинтой гэр бүл болсон. Тэгэхээр түүний хувьд илүү ойр байдаг. Мэдээж бидний дунд сайхан нөхөрлөл бий. Аварга С.Мөнхбат, харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Э.Энхбат бид нэг оны арслангууд болж байсан. Тэр цагаас хойш улсын цолонд хүрч начингаа баталж, харцага, аварга цолонд хүрлээ.
-Бөхийн холбооноос сар шинийн өмнө бөхчүүдийн чансааг гаргасан. Таны хувьд нийт 25 барилдаанаас 16 барилдаанд барилдаанд оролцсон байсан.
-Бэртэл сэдрээд 12 сар хүртэл барилдаж чадаагүй. Би нийт найман барилдаан өнжсөн. 16 барилдаанд зодоглохдооэ 52 даваа, 16 унаа авч 20-р байрт жагссан байсан. Би барилдаан өнжих дургүй. Ер нь бол муухан бэлтгэл хийснээс нэг сайхан барилдах хэрэгтэй гэдэг шүү дээ. Харин харцага цолтнуудын барилдаанд барилдаж чадаагүй. Тухайн үед хөдөөнөөс ирж байсан болохоор өөрөө ирж, бүртгүүлж амжаагүй. Гэтэл өөрөө ирж бүртгүүлээгүй гээд хассан байсан. Тэр барилдаанд харцага Пүрэвсайхан бид хоёр барилдаж чадаагүй. Мэдээж жилдээ ганц удаа болдог цолныхоо нэрэмжит барилдаанд барилдахыг хүсэлгүй яах вэ. Бэлтгэлийн хувьд Ховдын дэвжээнээс гадна "Аварга”, "Хилчин” гээд олон дэвжээнд сольж, хийхийг боддог.
-Начин цолыг хүртэж байсан дурсамжаасаа хуваалцаач?
-Би 21-тэйдээ аймгийн заан, 22-тойдоо аймгийн арслан болж байна. Тэгээд 24 настайдаа улсын начин цолыг хүртэж байлаа. Түүнээс хойш зургаан жилийн дараа буюу өнгөрсөн онд 30 настайдаа улсын харцага цолыг хүртсэн. Улсын начин хүн ам аваад гурав давна гэдэг бол үнэхээр хүнд. Тэр их бяр тэнхээтэй аймгийн арслангууд их эвгүй барилдааныг гаргана шүү дээ.
-Өнгөрсөн жилийн Төрийн их баяр наадмаар та улсын начин цолоо баталж, харцага цолонд хүрсэн шүү дээ?
-Энэ цагт барилдаж байгаа дархан аварга хоёрхон байдаг. Г.Өсөхбаяр, А.Сүхбат. Наадмын барилдаанд А.Сүхбат аварга барилдаагүй. Энэ цагийн дархан аварга Г.Өсөхбаяртай барилдаж, цолоо батална гэдэг бол үнэхээр сайхан хэрэг байсан. Хүн болгон давахын төлөө барилдана. Өсөхөө аваргыг давсны дараа шинэ цол байсан учраас алдахгүйн төлөө сайхан барилдсан. Тэгээд зургаагийн даваанд улсын арслан Н.Батсуурийг давснаар харцага цолонд хүрсэн. (Барилдааныг үзэх)
-Өнгөрсөн жил цэнгэлдэхэд хиймэл зүлэг тавьсан. Энэ нь барилдахад ямар байсан бэ?
-Хөлбөмбөгийн талбай дээр барилдсан нь шинэлэг байлаа. Талбайн хувьд тэгшхэн байсан нь нэг талдаа зөв юм билээ. Хөндлөнгөөс харах хүний хувьд сайн, муу талыг мэдэхгүй. Барилдаж байгаа бөхчүүд л үүний зовлонг мэднэ. Бороо ороход хальтрах зэрэг сөрөг талыг харахад бол эрүүл мэндэд тийм ч сайн талтай байгаагүй.
-Танай удамд барилддаг хүн бий юу? Гэр бүлээ танилцуулаач?
-Аав, ээж маань Ховдын Булган сумынх. Харин би Чандмань суманд төрсөн. Аав маань 37 жил төрийн албанд ажилласан хүн. Ээж маань бага эмч. Бид эхээсээ тавуулаа. Манайхаас надаас өөр барилддаг хүн байхгүй. Ээжийн талд жүдо бөхөөр 1972 оны олимпийн наадмаас мөнгөн медаль авч байсан Б.Буядаа гуай байна. Гэхдээ тухайн үед толгойны эм /аналгин/ уусан гэдгээр олимпийн медалиа хураалгаж байсан юм билээ. Би бага байхын л сумын наадамд барилдаж эхэлсэндээ. 16 настайдаа Ховдын Зэрэг, Манхан, Дарви, Дөргөн суманд, 17 настайдаа Чандмань суманд тав давж байсан. Ер нь бол багийн барилдах дуртай хүүхэд байсан. Хожим "Аварга” дээд сургуулийг биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Үүний дараа офицерын дамжаа төгсөөд цагдаагийн байгууллагад орж байсан. Одоо Олон нийтийн аюулгүй байдлыг хангах харуул хамгаалалтын гуравдугаар хэлтэст ажилладаг. Хошууч цолтой. Манай гэр бүлийн хүнийг Ш.Энхжаргал гэдэг. Хуульч мэргэжилтэй. Бид нэг нутгийнх. Манайх хоёр хүүхэдтэй.
-Чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан гэсэн?
-Оюутан байхдаа чөлөөт бөхөөр барилдаж байсан. Оюутны Универсиад наадмаас алт авч байсан. Харин улсын аваргад хоёр удаа хүрлийн төлөө барилдаад мултарч байсан түүхтэй.
-Таныг сагсан бөмбөгийг их сонирхдог гэж байсан. Лигийн багуудаас алийг дэмждэг вэ?
-"Харцага”-ын улаан фэн. Гэхдээ сагс тоглодог олон найзуудтай болохоор аль ч багийн тоглолтыг үздэг.
-Өнгөрсөн онд 21 аймгийн дунд сагсан бөмбөгийн Үндэсний цомын тэмцээн болсон. Ховд нутгийн баг хэсгээсээ гарч чадаагүй байхаа?
-Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос санаачлан "TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит аймгууд цомын тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээн бол үнэхээр сонирхолтой болсон. Мөн тэмцээний дүрмийн дагуу лигт тоглодог тамирчдыг оролцуулсан. Миний хувьд Ховдын багтаа тоглосон. Манай багийн хувьд хэсгээсээ гарч цааш өрсөлдөх эрхийг авч чадаагүй. Тэнд бол маш том өрсөлдөөн болсон. Харин энэ жил мэдээж сайхан тоглолт үзүүлэхийн төлөө хичээх болно.
Ч.БОЛОРЧУЛУУН
Зураглаач: Ц.АРИУНБОЛД, Н.БАТМӨНХ