Э.Бат-Үүлд шар хантаазтанууд захидал илгээжээ

1

Багахангай дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ –ын шар хантаазтанууд Хотын дарга Э.Бат-Үүлд ил захидал илгээжээ. Тэд 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр буюу Битүүний өдөр хуралдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчийн хурлын шийдвэрээр  "Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай” тогтоолыг баталж, өөр чиг үүрэг бүхий тохижилтын албыг  дүүргийн "Илч-Орд” ОНӨААТҮГ-ын халаалтын зуухтай нийлүүлсэнийг эсэргүүцэж байгаагаа ил захидалдаа дурьджээ. Багахангай дүүрэгт ажлын байр хомс ажилгүйдэл дээд цэгтээ хүрсэн энэ үед төсөв мөнгө хэмнэх нэрийн доор тэс өөр чиг үүрэг бүхий 2 байгууллагыг нэгтгэж олон хүнийг ажилгүй болгож байгаа хууль бус шийдвэрээ нэн даруй цуцалж, МУ-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-д заагдсан Хотын даргын эрх  мэдлээ хэрэгжүүлж Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан дээрх хууль бус тогтоолд хориг тавихыг Э.Бат-Үүлээс хүсчээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ ТАНАА

Багахангай дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-ын хамт олноос

Танд гал бичин жилийн мэнд дэвшүүлье!

Хотын дарга таны 2013,2014 онуудад Хот тохижилтын ажилчид буюу шар хантаазтангуудыг хүлээн авч уулзахдаа хэлж ярьж байсныг сануулж байна.   "Бидний төлөө айдасгүй, аюулгүй, амар амгалан ажиллахад чинь би чадах бүхнээ хийх болно” гэж хэлсэн амлалтанд тань бид одоог хүртэл итгэж, таныг хүндэтгэн бидний төлөө хийсэн бүх ажлыг чинь магтан сайшааж бахархдаг байв. Гэвч Чоно борооноор гэдэг шиг 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр буюу Битүүний өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч нар хуралдан  "Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай” тогтоолыг баталж бид бүхний сэтгэл рүү ус цацсан шийдвэр гаргасанд гүнээ харамсаж байна. Нийслэлийн хурал гаргасан шийдвэрээ таны захирамжаар хэрэгжүүлэх гэж муйхардах бололтой. Хууль зөрчсөн энэ шийдвэрийн балгаар Дүүргийнхээ тохижилт үйлчилгээний ажлыг нуруун дээрээ үүрдэг хэдэн арван "Шар хантаазтан”-ууд ажилгүй болж, олон арван айл хаврын урт өдөр талхгүй өнжих нь тодорхой болов.

Манай байгууллага олон жил эцэггүй хүүхэд шиг явж ирснийг та анхаарч бие даасан удирдлагатай байгууллага болгосонд тань талархдаг. Гэвч хурлын энэ шийдвэр таныг хууль дүрэм журам зөрчүүлж тохижилтын албыг  дүүргийн "Илч-Орд” ОНӨААТҮГ-ын халаалтын зуухтай нийлүүлж буй нь Багахангай дүүрэгт ажлын байр хомс ажилгүйдэл дээд цэгтээ хүрсэн энэ үед төсөв мөнгө хэмнэх нэрийн доор тэс өөр чиг үүрэг бүхий 2 байгууллагыг нэгтгэж олон хүнийг ажилгүй болгохоор зүтгэж байгаа санаа нь цаанаa Багахангай дүүргийн иргэдийг ажилтай орлоготой байхын эсрэг  явуургүй санаа гэж ойлгогдож байна.   

"Илч-Орд” НӨҮГ нь /нэр томъёо буруу/-ын халаалтын зуух нь одоог хүртэл байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг нь хүчин төгөлдөр бус хуулийн этгээд болно.

2016 оны 2 дугаар cарын  08-ны өдрийн хурлын тогтоолоор Дүүргийн эрх мэдэл, Дүүргийн Иргэдийн хурлын бүрэн эрхэнд халдсан шийдвэр гаргаж хоёр өөр чиг үүрэг бүхий ОНӨAATҮГ-ыг НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр нэгтгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл  болсныг таньд сануулж байна.

Иймд Хотын дарга Э.Бат-Үүл таныг МУ-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-д заагдсан эрх  мэдлээ хэрэгжүүлж Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан дээрх хууль бус тогтоолд хориг тавьж шар хантаазтангуудынхаа талд зогсон хэлсэн амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байна.

Нийслэлийн хэмжээнд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Налайх дүүрэг нь:

  1. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн арчилгаа үйлчилгээ ОНӨААТҮГ
  2. Хог хаягдлыг татан цуглуулах, ангилан ялгах, зөөж тээвэрлэх ОНӨААТҮГ
  3. Гудамж, зам талбайн гэрэлтүүлэг чимэглэл ОНӨААТҮГ
  4. Ногоон байгууламж ОНӨААТҮГ 4-н үндсэн чиглэлд байгууллагыг тус тусад нь бүтэц орон тоог бий болгон ажиллуулж байхад эдгээр 4-н чиглэлийг нэгтгэн ажиллаж байгаа манай байгууллагыг "Илч-Орд” ОНӨААТҮГ-тай нэгтгэх гэсэн НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Та бидний дуу хоолой болон энэ шийдвэрийг хүчингүй болгуулна гэдэгт итгэж байна. Тантай болон шударга үнэний талд зогсох иргэд, байгууллагуудтай хамтран бүх арга хэлбэрээр тэмцэх болно.

 

Таныг хүндэтгэсэн:

Багахангай дүүргийн Хот тохижилтын алба

ОНӨААТҮГ-ын журмын нөхөд

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл