Улаанбаатарчууд ӨМХИЙ үнэрээсээ зургаадугаар сарын 10-ны дотор салах уу?
Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг шинээр боловсруулж, лагаас ялгарч буй үнэрийг арилгахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг дарга захирамж гарган шийдвэрлэсэн тухай өмнө нь мэдээлсэн. ЭНЭ ТУХАЙ
Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т. Бат-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Т.Бат-Эрдэнэ "Төв цэвэрлэх байгууламжийг засварлах 8.1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс Нийслэлийн Засаг даргын эрхэнд шилжүүлсэн. Нийслэлийн Ерөнхий менежер энэ ажлыг хариуцаж байгаа.
Харин хурдан шуурхай, чанартай хийх явцад нь хяналт тавих үүргийг миний бие хүлээсэн. Өчигдөр Засаг даргын захирамж гарч, өнөөдөр ажлын хэсэг гаргасан зөвлөмжөө танилцуулсан.
Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд үүсээд буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хоёр чиглэлээр ажиллах хэрэгтэй. Нэг нь 15 га газарт байгаа хур лагийг аюулгүй, үнэргүй болгох, цаашлаад уг газрыг лагаас чөлөөлөх ажлыг хийх ёстой байгаа.
Хоёрдугаарт өдөр тутам гарч байгаа шинэ лагийг үнэргүйжүүлэх, хатаах замаар чийгшлийг нь багасгах, бохир усыг цэвэрлэх замыг сайжруулах зорилго агуулж байна.
Бидний зүгээс юу хийх ёстой вэ гэхээр:
Нэгдүгээрт, өдөр тутам гарч буй лагийг усгүйжүүлэх, хуурай болгох орчин үеийн техник хэрэгслийг авч тавих хэрэгтэй. Маш шингэн лаг байгаа учраас үнэр их гараад байна. Тэр лагаас усыг нь салгаж аваад, ялгавал үнэр нь алга болно. Тийм учраас бид төвөөс зугтах хүчээр усыг нь шүүж авдаг орчин үеийн төхөөрөмжийг ашиглах хэрэгтэй байгаа.
Мөн энэ лагийг уснаас нь хялбар ялгахад ашиглагдах химийн бодисуудыг авч хэрэглэх юм бол лаг уснаас хурдан сална. Өмнө нь 3-5 жил байгалийн аргаар хатааж байсан учраас бидэнд ингэж үнэртээд байгаа. Бид одоо орчин үеийн технологийг ашиглах шаардлагатай юм.
Тэгээд шинэ технологи авсны дараа түүн дээр ажиллах боловсон хүчнээ сургаж ажиллуулбал энэ асуудлыг шийдвэрлэж чадах юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ ажлыг бид зургаадугаар сарын эхний 10 хоногт хийхээр төлөвлөсөн байгаа. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн ажилтнуудыг долоодугаар сарын 15-н хүртэл маш өндөр сахилга баттайгаар ажиллуулна” гэв.
Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагаас ялгарч буй үнэр тухайн цэгээс 14 километрийн бүсд үнэртэж байгааг тогтоосон байна.
НЗДТГ-аас Улаанбаатарчуудын хамгийн хүнд асуудал болоод буй Төв цэвэрлэх байгууламжийг сайжруулах, лагны үнэрийг дарах асуудлыг энэ оны зургаадугаар сарын 10-наас өмнө шийдвэрлэх тухайгаа ийнхүү мэдэгдлээ.