“Нийслэлийн мандатыг нэмэх бүрэн боломжтой”
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барьсан. Энэхүү тогтоолын төслийг өнгөрөгч даваа гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тусгайлсан саналгүй гэж үзээд байгаа юм. Энэхүү тогтоолын төсөлд чухам ямар өөрчлөлт оруулахаар тусгасан талаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржоос тодруулж мэдээлэл авлаа.
-Ямар шалтгаанаар Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар санаачилсан бэ. Өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Эхлээд хуулийн төслийг өргөн барих болсон гол шалтгаан нөхцлийн талаар ярих нь зүйтэй байх. УИХ-ын тойргийг 26 байхаар тогтоож түүнд хувиарлагдах мандатын тоог өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн үетэй харьцуулахад нийслэлийн хүн амын тоо харьцангуй өссөн, хөдөө орон нутгаас сонгогдож байгаа гишүүдийн тоо өөрөөр хэлбэл мандатын тоо харьцангуй байгаа нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзсэн. Ийм шүүмжлэл ч нилээдгүй гарсан шүү дээ. Иймээс энэ асуудлыг шийдэх үүднээс энэхүү тогтоолын төслийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл жагсаалтаар сонгогдох мандатын тоог хасч улмаар тойргийн мандатыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн.
-Нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх нь засаг захиргааны нэгжийг харгалзан үзэх үзэл баримтлалтай зөрчилдөж байна гэж үзээд УИХ-ын гишүүдийн дэмжлэг аваагүй шүү дээ.
-УИХ-ын гишүүд нэрсийн жагсаалтаар сонгогдох мандатаас нийслэлрүү шилжүүлж болох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэх замаар сонгогчдын төлөөллийг тэнцвэржүүлэх боломжтой гэж үзсэн. Үүний дагуу намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28 мандатаас нийслэлийн зургааг нь тойрогт тус бүр нэг нэг мандатаар нэмж оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж харсан юм. Одоогийн байдлаар нийслэлд нэг гишүүн 100 мянга орчим сонгогчдыг, орон нутагт 50 мянга орчим сонгогчдыг төлөөлж байгаа шүү дээ. Энэ хол зөрүүг тодорхой хэмжээгээр багасгаж нийслэлийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах тэдний төлөө дуугарч, ажил хийх төлөөллийнх нь тоог нэмэх боломж нээгдэж байгаа гэсэн үг.
-Сонгуулийн тухай хуульд "нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг тусгахаа УИХ-ын гишүүд мартчихсан. Энэхүү хуулийн цоорхойгоор дээрх өөрчлөлтийг оруулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Хуулиар өөрчилж болохгүй гэж заагаагүй. Хэдийгээр Монгол Улсын Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрт "ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт байдаг ч гэсэн УИХ-аас баталсан хууль нь тогтоолоосоо илүү хүчтэй гэж би хувьдаа ойлгож байгаа. Хуулиа дагаж, дээдлэх нь зүйн хэрэг шүү дээ. Мөн энэхүү нэмэлт өөрчлөлт нь сонгуулийн хуулийн үндсэн конценц бүтэцийг өөрчлөхгүй, ард иргэдийн хүсэл санааг тусгаж хуулийг сайжруулсан өөрчлөлт гэж үзэж байна.
-Энэхүү тогтоолын төслийг хэзээ өргөн барих вэ. УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг хүлээж чадах болов уу?
-Удахгүй УИХ-д өргөн барина. Гишүүдийн олонхи нь дээрх тогтоолын төслийг дэмжинэ гэж үзэж байна.
Д.ЖАРГАЛ
Сэтгэгдэл байхгүй байна.