С.Ганбаатар төрхөмдөө буцлаа
Дарханчуудыг давалгаалууж УИХ-ын гишүүн болсон С.Ганбаатар УИХ-д суудалтай болуутаа өөртөө "босоо” хэмээх имиж бүрдүүлж, "Аль нэг намаас хараат бус ажиллана” хэмээн тун чиг додигор дуугарч асан. Гэтэл удалгүй шинээр мэндэлсэн Хөдөлмөрийн үндэсний намын батлахыг өвөртлөөд зогсохгүй бүр тус намыг тэргүүлэх болсон. Ийнхүү мэдлэг, боловсролтой залуусаар эгнээгээ бэхжүүлж, УИХ-ын гишүүн С.Ганбаатараар удирдуулсан улстөрийн шинэ хүчин мэндэлж, монголын улс төрийг бужигнуулаад амжсан.
Гэтэл С.Ганбаатар тэргүүтэй тус намын скандал ирэх сонгууль хүртэл намжихгүй нь бололтой. Тодруулбал ёслол төгөлдөр намын даргын тамгаа гардаж авсан шинэхэн тэргүүн өнөөдөр намын даргын албан тушаалаасаа саллаа. Гэхдээ өөрийн хүсэлтээр биш. Ер нь бүхэл бүтэн улстөрийн намын даргын албан тушаалыг "Би болилоо” гээд өгчихдөг хүн байдаггүй л байх. Үүний жишгээр мань эр мандаж яваад маш өндрөөс уначихлаа.
Учир явдлыг хөөж үзвэл ХҮН-ын дарга асан С.Ганбаатар дарга болуутаа 01 тоот тушаал гаргаж, намынхаа генсек Т.Доржхандыг албан тушаалаас нь чөлөөлчихсөн гэж байгаа. Түүгээр зогсохгүй 02 тоот тушаалаа гарган, ХҮН-ын Хариуцлагын ерөнхий хороог татаад буулгачихсан байдаг. Ёстой л "хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх” гэж аашилсан байх юм.
Түүний энэ үйлдлийн талаар тус намынхан удаа дараа мэдээлэл хийж, намын даргынхаа ёс зүйгүй үйлдлийн талаар ярьж байсан. Тэр ч бүү хэл жирийн гишүүд нь намын даргынхаа увиагүй үйлдэл хэрээс хэтэрлээ, боловсролтой залуусаар эгнээгээ бэхжүүлсэн намын нэр хүндээр өөрийгөө дөвийлгөх үйлдэл хийж байна хэмээн олон нийтийн сүлжээгээр аргаа барцгааж байсан юм.
Тэгвэл өнөөдөр үдээс өмнө ХҮН-ын Төв хорооны хурал болж, намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан ёсоор албан тушаалаас нь огцруулсан тухайгаа мэдэгдсэн юм. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр мань эр уг хуралд ирсэнгүй. Ингэснээр намын даргын өрсөлдөөнд Ж.Лхагвасүрэнтэй өрсөлдөж, 63.3 хувийн саналаар ялсан Б.Найдалаад намын даргын тамга тэмдгийг гардуулж өглөө.
Түүний хувьд өмнө нь намынхаа дэд даргаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь СЭЗДС-д Эдийн засгийн онолын багш, Анод банк болон Хаан банкинд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, MCS групп, Юнител ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал, MCS Холдинг ХХК Хөрөнгө оруулалтын ахлах менежер, МЭЗФ-ийн Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан нэгэн юм.
Түүнчлэн ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Төв хорооны хурлаар Д.Гантулгыг оронд нь томилсон байна. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Доржханд "ХҮН бол ёс зүйтэй нам. Монгол улсад институцийг бий болгох, дүрэм журмаа сахиж ажиллана гэсэн итгэл үнэмшилтэй. Тэрнийхээ хүрээнд намын дүрэм журмын дагуу холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх асуудлыг өнөөдрийн хурлаар хэлэлцлээ. Хурлын хүрээнд ХҮН-ын дарга С.Ганбаатарын асуудлыг хэлэлцэж намын даргын албан тушаалаас түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Мөн 2016 оны сонгуульд ажиллах багийг өнөөдрийн хуралдаанаар баталгаажууллаа” гэв.
Ийнхүү ХҮН-ынхан дарга болуутаа эхний тушаалуудаараа намынхаа дүрэм журамд харш шийд гаргаж, хэмжээгүй эрхт хаан шиг аашилсан С.Ганбаатараас ангижрав бололтой. Ямар сайндаа л өнөөдрийн хурлынхаа үеэр сэтгүүлчдэд хандан "С.Ганбаатар намын дарга болоод хоёр гуравхан долоо хоногийн дотор анхны тушаалаараа намын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, хоёр дахь тушаалаараа Хариуцлагын ерөнхий хороог татан буулгасан. Тэгэхээр энэ хүн багийн системээр, намын зарчмаар олон түмний итгэлийг аваад явж чадахгүй гэж үзсэн. Магадгүй сайн улстөрч, сайн тэмцэгч байж болно. Гэхдээ энэ нь ганцаарчилсан тоглолттой хүн.” Хэмээн хатуухан хэлээд авсан.
Энэ үгээрээ эрхэм гишүүнийг намын системд тохирох нэгэн биш. Харин ч тэмцэгч зангаараа цагаан хоолойгоо бариад ганцаараа улс төр хийх араншинтай хүн гээд хэлчихлээ гэхэд хилстэхгүй.
Харин энэ мэдээллийн дараагаас сошиал ертөнцөд С.Ганбаатар гишүүний дипломны скандал дахин дэгдэж, "Нэг ч дипломгүй хүн гэхэд бүхэл бүтэн улстөрийн намыг хоёр сар удирдчихлаа шүү” зэргээр шуугиж байна. Ямартай ч Хөдөлмөрийн үндэсний нам "нэг хүнээс үл хамаарах системийг бий болгоно, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна” гэсэн итгэл үнэмшлийнхээ төлөө намыг нь "муухай” харагдуулж байсан даргаа төрхөмд нь буцаалаа.
М.Санчир