Монголоороо байгаасай.
Амьдрал бүгдэд үнэхээр тэгш, шударга хандах ажээ. Алтан наран алагчлалгүй илч гэрлээ хайрлана. Сүүн саран туяагаа ер хэний л үүдэнд эс тусгадаг билээ дээ. Хүн ямар ч амьдралд ирж болно, харин бүгд л нэг янзаар буцна. Бултаж зайлна, ар хаалгаар гарна гэсэн юм огтоос үгүй. Үүнд өмчтэй, өмчгүй, мөнгөтэй мөнгөгүйн ялгаа байхгүй.
Тэгш байдал, шударга ёс гэдэг чухамдаа энэ л буюу.
Хүн зөвхөн жаргахыг л хүснэ. Хүний эрхээр ч байсан хамаагүй (бусдын тус дэмээр) буюу "Хааныхаа сайнд харц ардууд жарга юу” гэсэн эртний мэргэн үгтэй. Харин Төр нь хүнээ зовоох гэдэг байж таарахгүй. Хүмүүс өөрсдөдөө зориулж элдэв хууль, нийгмийн тогтолцоо зохиодог. Хууль, нийгэм нь уг нь хүний сайн сайхны төлөө байх ёстой л доо. Хүн өөрийнх нь байгуулсан Төр, шүүх, хууль, нийгэм үнэхээр тэгш шударга амьдардаг болов уу? Өнгө, мөнгөөр ялгаварладаг хорвоогийн жам гэдэг бичигдээгүй хууль хаанаас гараад ирсэн юм бэ?
К.Марксын Эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гэсэн эрхэм уриа-зарчим хүний өөрийнх нь туулийн хүсэл юм байна л даа. К.Марксын мөрөөдсөн социалист нийгэм өдгөө скандинавын хойгийн орнуудад олон талаар хэрэгжиж байна уу гэлтэй. Тэдгээрт ард олны тайван амьдрал, гэр бүл хүүхэд, эмэгтэйчүүд нэн тэргүүнд тавигдаж,"аргагүй хүнд зайлшгүй халамж” хүлээн зөвшөөрөгддөг ажээ. Капиталист улсууд гагцхүү тухайн үеийн Зөвлөлт социализмыг хуулбарлаж нийгмийн халамжуудыг бий болгосон нь үнэн билээ.
Дэлхийн 7 тэрбум хүний дөнгөж 1% нь бүх баялгийн 50%-ийг эзэмшин өмчилж байна. 99 % нь үлдэх 50% дээр нь хүссэн хүсээгүй үлдэж,үүнээс өөр аргагүйд хүрчээ. 20 жилийн дараа 1% нь 55%-ийг өмчилж, 100 жилийн дараа юу болох нь ойлгомжтой.
К.Марксын дүгнэснээр капитализм том нь жижгээ залгиж, буржуазууд улам баяждаг нь энэ ажгуу. Энэ хөрөнгийн шунал дээр тогтсон нийгэмд баян хоосны ялгаа улам гаарч том ангал үүсдэг. Энэ тогтолцоо одоогоор капитализм өндөр хөгжсөн орнуудад тохирч байгаа бөгөөд, харин капитализмыг сохроор дагасан жижиг улс орон "галууг дууриаж хэрээ хөлөө хөлдөөнө” гэгч болдгийн жишээ нь Монгол улс маань байна.
Тиймээс ч зарим улс орон өөрийн гэсэн онцлогтой нийгмийн тогтолцоо байгуулаад байгаа нь учиртай.
Монголчууд бид явж буй замаа эргэж нэг харах хэрэгтэй болж байна. Өдгөө бидний амьдарч буй нийгэм болох капитализм Монголд лав сайн сайхныг авч ирсэнгүй, Ардчилал нэрийн дор монголчуудыг жинхэнээсээ сульдаан ядрааж байна.
Бидний бий болгосон хөрөнгөтний нийгэм бол үнэндээ Ардчилал биш юм. Өнгөрсөн 26 жилд монгол хүнээ гэж жинхэнэ зүрх сэтгэлээрээ хандсан бодлого хэрэгжүүлээгүй нь Ард түмэн одоо ийнхүү ядарч зүдэрч буйгаас тодорхой байна.
Хөрөнгөтний нийгэм эдүгээ мухардалд ороод байна. Харин түүнийг ямар нийгмийн байгууллаар солих вэ гэдэг л асуултын тэмдэг болоод байна.
Нэг мэргэн ухаантай хүн энэ дэлхийн баялаг энэ дэлхийн бүх хүнд хүрэлцэнэ. Харин хүмүүсийн шуналыг гүйцээнэ гэвэл 1000 дэлхий байгаад ч хүрэлцэхгүй гэжээ. "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” гэсэн нийгэм л Монгол орныг, цаашилбал энэ дэлхий ертөнцийг аварна гэж би бодож байна.
Марксын социализм яаж ч бодсон зэрлэг капитализмаас олон талаараа давуутай гэдэгтэй маргах хүн үгүй ч цагаасаа түрүүлэн хэрэгжүүлэх гэсэндээ хөрсөндөө бүрэн буугаагүй нь хүн төрөлхтөний буруу гэж үү?!
Магадгүй хүн төрөлхтөн Марксын социализм өөд эргэх ч юм бил үү, хэн мэдлээ.
Марксын хүссэн хүн болгон эрх чөлөөтэй, шударга ёс, тэгш эрх ноёлсон газрын диваажинд амьдрахыг хүсэхгүй монгол хүн бий гэж үү?!
Л.ГҮНДАЛАЙ (Би коммунист биш, социалист, прагматик)
2016.03.03
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.