ХҮН-ын даргын асуудлыг дээд шүүх хэлэлцэнэ
ХҮН-ын дотоодын зөрчилдөөнөөс болж хоёр хуваагдаад байна. Тодруулбал, намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон шинээр томилогдсон намын дарга Б.Найдалаа гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт тус тусдаа Намын төв хороогоо хуралдуулсан. Эхний өдөр Б.Найдалаа, Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ын үүсгэн байгуулагчид Намын төв хороогоо хуралдуулж Б.Найдалааг намын даргаар сонгож, С.Ганбаатарыг намын даргаас нь чөлөөлсөн юм. Мөн энэ үеэрээ Б.Найдалаад алга болсон гэгдээд байсан тамга, тэмдэгээ гардуулж өгсөн.
Харин маргааш нь товлосон ёсоор С.Ганбаатарын талынхан Намын төв хороогоо хуралдуулж Б.Найдалаа нарын гурван гишүүнээ намаасаа хөөсөн. Ингээд ХҮН хоёр даргатай болсон бөгөөд хэн нь жинхэнэ дарга нь мэдэгдэхгүй байгаа. Тэгвэл тэдний маргааныг Улсын дээд шүүх хагалах юм байна. Тодруулбал, С.Ганбаатарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн. Мөн нөгөө талынхан нь Б.Найдалааг намын даргаар бүртгүүлэхээр дээд шүүхэд хүсэлт явуулсан байна. Улсын дээд шүүх одоогоор уг асуудлыг хэзээ хэлэлцэх товоо хараахан гаргаагүй байгаа аж. Ямартаа ч Улсын дээд шүүх ХҮН-ын маргааныг таслан зогсоох бололтой.
Г.Лхагваа