Бангкокын зэвсгийн дэлгүүрт монголчууд халдаагүй гэв
Тайландын Вант улсын Бангкок хот дахь "Хятад хороолол”-д байрладаг зэвсгийн дэлгүүрт монголчууд халдан галт зэвсэг дээрэмдэхийг завдсан гэх мэдээлэл олон улсын цахим сүлжээгээр цацагдан нэлээд шуугиан тариад байна. Гэмт этгээдүүдийн нэг нь амиа алдсан бөгөөд хамт явсан дөрвөн хүнийг нь цагдаагийнхан баривчлан саатуулжээ. Буу, хутгаар зэвсэглэсэн тэдгээр хүмүүс нь зэвсгийн дэлгүүрт дайрч ормогцоо мөнгө хадгалдаг сейфээ онгойлгохыг худалдагчаас шаарджээ. Худалдагч харин тэднийг эсэргүүцэн дохиоллоо дарж амжсан байв. Халдлагын үеэр дэлгүүрийн эзэн болон худалдагч хоёр нь биедээ хутганы хөнгөн шарх авчээ. Гэтэл гэмт этгээдүүдийн талаар олон нийтийн мэдээллийн сүлжээгээр түгээхдээ "Гэмт хэрэгтнүүд Монгол улсын иргэд байжээ” гэсэн юм. Дээрэм хийсэн гэмт хэрэгтэнүүд харин Монголын иргэд биш монголжуу царай зүстэй Хятад улсын харъяат хүмүүс байсан байна. Энэ талаар манай Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргажээ. Тус яамны ажилтнууд уг хэргийг монголчууд үйлдсэн мэт ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд залруулга хийлгэхээр ажиллаж байгаа юм байна.
Б.Баяр
Эх сурвалж: Шуурхай.мн