Баянзүрх дүүрэгт “Мөрөөдлийн баг”-аас нэр дэвшинэ
УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргийн хувьд хамгийн олон хүн нэр дэвшдэг тойрог. Энэ жил Ард түмний багш Арго, их ухаантан Бат-Отгон, ахмадын төлөө амь биеэ үл хайрлагч Г.Баасан нар нэр дэвшихээ мэдэгдээд байна. Эдгээр нөхдийг "Мөрөөдлийн баг” хэмээн нэрийддэг билээ. Үүнээс өмнөх сонгуульд Мөрөөдлийн багаас дутахааргүй амлагчид, тархи угаагчид дэвшиж байв. Тухайлбал Ази Европыг холбосон шилэн кабель байгуулаад сан байгуулна. Тэр сангаараа дамжуулан талх, мах, сүүний үнийг хямдруулна гэх Ч.Сайханбилэг ялалт байгуулж байв.
Баянзүрх дүүргийн бүх айлын хашааг хоёр өрөө байраар солино гэж амалсан Ц.Батбаяр энэ тойргоос ялалт байгуулж байлаа. Шударга ёсыг тогтоогч Ж.Батзандан хүртэл сайхан амлалтууд өгч байсан юм. 2016 оны сонгуулиар Ч.Сайханбилэг Баянзүрх дүүрэгтээ ирэхгүй нь тодорхой. Ц.Батбаярын хувьд саяхан шоронгоос суллагдсан бөгөөд нам дээрээ зохицуулах асуудал нэлээдгүй байгаа болов уу. Ямартай ч үеийн үед "Мөрөөдлийн баг”-тай Баянзүрхчүүд хууртаж ханадаггүй ард түмэн шүү.
Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn