Оффшорын загалмайлсан эцэг…
С.Баярцогт ч булган сүүлтэй юм аа… Дэлхийн томчуудыг дагуулчихсан явж байна. Өнөөдрөөс яг гурван жил гурав хоногийн өмнө буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын гишүүн С.Баярцогтын гадаадын нэр хүндтэй банкинд нууц нэрээр их хэмжээний мөнгө байршуулсан болохыг олон улсын эрэн сурвалжлахын сэтгүүлчид илрүүлж, дэлхий нийтээр цацсан.
2016 оны дөрөвдүгээр сарын эхээр мөн л дэлхийн томчуудын оффшор дансны мэдээллийг ил болгож, гол шуугианыг дэгдээлээ. Учир тэдгээр эрхмүүд дотор ОХУ–ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ–ын дарга Ши Жиньпин болон бусад улсын сайд, төрийн өндөр албан тушаалтай 140 гаруй хүн багтжээ.
Манай урд болон хойд хөршийн төрийн тэргүүнүүд өөрсдийн найз нөхөд, ах дүүстэйгээ хуйвалдан их хэмжээний мөнгө угааж, татвараас зайлсхийсэн байж болох магадлал өндөр байна. Харин Монгол Улсаас ийм төрлийн дансанд мөнгөө байршуулсан эрхэм С.Баярцогтын хөгөөс хойш одоохондоо илэрээгүй л байна. Эндээс нэг гаргалгаа хийвэл С.Баярцогт оффшор бүсэд бүртгэлтэй хүмүүсээ тэргүүлсэн булган сүүлтэй байж чадлаа.
Харин тэр ямар хариуцлага хүлээсэн бэ… УИХ–ын дэд даргын албан тушаалаа өгсөн ч эргээд сайн найз Ч.Сайханбилэгийнхээ хүчээр сайд болчихсон сууж байна. Гэвч улс төрийн соёлтой, хариуцлагатай, чанга хуультай улсын албан тушаалтнууд сайдынхаа суудлаас бууж байна. Тухайлбал Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннллогссон өчигдөр албан тушаалаасаа буулаа. Оффшор бүсэд мөнгө байрлуулахыг хориглосон улсын тоонд Англи, Америк, Герман, Орос, Польш, Унгар зэрэг улс багтдаг байна.
Нэгэнт оффшор дансанд мөнгө байдаг нь батлагдчихсан учир дэлхий нийтийн анхаарал Хятад болон Оросын төрийн тэргүүнүүд ямар хариуцлага хүлээх бол гэдэг нь сонирхолтой байна. Монголд бол ийм үйлдэл гаргасан хүмүүс албан тушаал "дэвшдэг” гэдгийг онцлох нь зөв байх…
З.Хуяг
Сэтгэгдэл байхгүй байна.