“Хамилеон” Г.Уянга
-"Уянгагүй жагсаал” үгүй болж. Улс төрч бай, урлаг уран сайхан ч бай. Бүгдэд л оролцчихсон явах юм.
-Ямар Уянга?
-Яагаав "төрд аянга болно” гэж амлаад л гарч ирсэн "амлалт нэхэх ард түмний” холбооны тодотголтой УИХ-ын гишүүн Г.Уянга…
-ммм тэр яасын?
-Яахав хаана ямар л жагсаал, цуглаан болно тэр болгон дээр л явж байгаа харагдах юм…
-Болохгүй гэж үү?
-Болохгүй ч гэсэн юм байхгүй л дээ. Ер нь угаас тэмцэгч, жагсагч хүн чинь цаанаасаа л байж сууж ядаад яваад оччихдог байх л даа.
-Жагсаал цуглаанууд дээр оччихоор өөрийгөө аянга болж байна гэж боддог байлгүй дээ?
-Мэдэхгүй. Тийм бодолтой байдаг юм бол төрд, УИХ-д түмний төлөөлөл болж суух хэрэг байсан ч юм уу. Зүгээр л Төрийн ордны гадаа бусадтайгаа нийлээд л өндөг шидэж, цагдаа заамдаж, шар нунтаг асгаад явж байсан нь илүү дээр ч юм шиг. Магадгүй үүнийгээ улс орон удирдаж, төрийн ордонд суухаас илүү сайн хийх ч юм билүү.
За нэг иймэрхүү яриа өчигдөр Х.Баттулгын гэгдэх хоёр компанид санхүүгийн шалгалт оруулах үеэр буюу ЦЕГ-аас хийсэн "сүрт” нэгжлэгийн үеэр зарим иргэдийн хооронд болов.
Х.Баттулгатай холбоотой асуудлын үеэр яагаад Уянгын тухай яриа болов гэж гайхаж магадгүй. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга АН-ын зарим гишүүдтэй хамт Баянгол зочид буудалд болсон үйл явцыг сонирхохоор шуурхайлан ирснээрээ л бусдын ярианы сэдэв болсон юм.
Сэтгүүлчид түүнээс юу болсон, яагаад энд ирсэн тухай асуухад "Би юу болж байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байна. Юу ч гэсэн дотогш ороод мэдээлэл авья. Түүнээс өмнө ярилцлага өгөхгүй” гэсэн хариултыг өгч. Өөрөөр хэлбэл тэрээр ямар ч мэдээ, мэдээлэлгүйгээр л өөрийн сурсан зангаараа хүрээд ирж л дээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нар бол Х.Баттулгатай нэг багийнхан. Ж.Батзандан, М.Зоригт, Э.Бат-Үүл нар бол Х.Баттулгатай нэг намынхан. Их аварга Д.Дагвадорж бас л нэг намынх. Жудочид холбооны Ерөнхийлөгчөө дэмжиж ирж. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Уянгыг Х.Баттулгатай ямар хамааралтай болоод энд явна вэ гэдэгт л гайхаад байгаа юм.
Тэрээр саяхан УИХ дахь "Шударга ёс” эвслийн бүлгээс гарч удалгүй МҮАН-ын гишүүчлэлээсээ татгалзаад байгаа. Ер нь бол УИХ дахь "сул гишүүн” болсноо зарласан. Гэвч энэ мэдэгдэлтэй зэрэгцээд "Эв нэгдэл, тусгаар тогтнол” намын дарга болсон гэх мэдээллийг эх сурвалжууд хэлж байгаа ч Г.Уянга өөрөө үгүйсгэсээр байна.
Түүний энэхүү гэнэтийн шийдвэрийн талаар сэтгүүлч тодруулахад "УИХ-д сонгогдсон цагаасаа л ийм итгэл үнэмшилтэй байсан” гэхчлэнгийн тайлбар өгчээ. Тэгвэл яагаад УИХ-ын гишүүн болмогцоо эвслээс гарч, намын гишүүнчлэлээсээ татгалзалгүй, сонгууль дөхсөн энэ үед тохиролцоо, тохироо хийсэн мэт гэнэтийн шийдвэр гаргаж байгаа юм бол гэх эргэлзээ минь л түүнийг хардах үндэслэлийг бий болгоод байна.
Тэгвэл Г.Уянга өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийв. Уг нь төрд гарч байж л алдааг нь засна хэмээн амлаж, Чингэлтэйчүүдийн итгэлийг хүлээсэн. Гэвч Г.Уянга хийсэн гэж хэлэх нүдэнд харагдаж, гарт баригдах ажил дүүрэгт, тойрогт, улсад харагдахгүй л байна. Ер нь бол хүссэн суудалдаа сууж аваад л "бүхнийг харлуулагч” гэх эрхэм алдар нэртэйгээр л сонгуульт хугацаагаа дуусгаж байх шиг байна.
Мөн үг үйлдэл бүр нь түүнийг барьцгүй, холбирогч нэгэн болохыг баталгаажууллаа.
Одоо тэрээр УИХ-ын гишүүн Х.Баттулгатай эвсэх боллоо. Гадаа тэмцэгч байхдаа Н.Энхбаярыг "үзэн ядагч” байсан. Гэхдээ бараг л түүний буянаар УИХ-ын гишүүн болчихсон. Одоо намаа, нөхдөө хаяад л өөрийн хувийн тоглолт хийгээд эхэллээ. Ирэх сонгуулиар "тохироо бүрдвэл” АН-аас, МАН-аас ч нэр дэвшиж магадгүй. Ийм л барьцгүй, туйлбаргүй хүн. Үүнийгорчиндоо тохируулж өнгөө хувиргадаг хамилеонтой адил хэмээн зүйрлэдэг.
Тэр бол сайн ээж, сайн тэмцэгч, сайн дуучин, бас Уйгаржин Монгол бичигтэй сайн. Гэвч "сайн улс төрч” биш гэдэг нь өнгөрсөн дөрвөн жилийн үйлдэлээс нь харагдаж байна. Ингэж холбирч, улс төрийн үзэл бодлын хувьд тогтворгүй хамилеон хүнийг, нөгөө талаас тойрогтоо үзэгдэж, харагддаггүй, хийсэн ажилгүй хүнийг Чингэлтэйчүүд дахин сонгож, итгэл хүлээлгэнэ гэдэг юу л бол.
Шар хүү