ДОЛООН УЛСТӨРЧИЙН 10 ХАРИУЦЛАГАГҮЙ ҮГ
Сүүлийн үед улстөрчдийн, тэр дундаа эрх баригчдын амнаасаа унагах хариуцлагагүй үг улам олшрох шинжтэй болов. Сүүлийн үеийн шуугиан үүсгэсэн үгнүүдийг түүвэрлэн хүргэж байна.
1.Ерөнхийлөгч хагаралдуулах үгс унагасаар
Монгол улсын Ерөнхийлөгч бол Үндсэн хууль ёсоор ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Гэвч манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн үед байнга эв нэгдлийн төлөө бус үгс унагах болов. Тухайлахад, тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард фэйсбүүк, твиттер хэрэглэгч 150 хүнтэй уулзах үедээ хуулиас зугатдаг хоёр хүний тухай ярьсан . Энэхүү даварсан хоёр этгээд нь түүний "заналт дайсан” Н.Энхбаяр, нэгэн цагийн "амин найз” Х.Баттулга хоёр нь болох нь өөрийнх нь ярианаас ойлгогдсон.
Мөн "Ардаа улс төрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа зугтаалгадаг, тархи угаасан захиалгат нэвтрүүлгээр бусдыг гүтгэдэг, хүмүүсийг хагаралдуулдаг, хөлсний бичээчтэй цөөхөн хүн байна" гэжээ. Ийнхүү Ц.Элбэгдорж хууль ёсны үүргийнхээ эсрэг ярьсаар явах шиг. Нэр дурдагдсан хоёр хүний хувьд дэмжигч олонтой, Ерөнхийлөгчийг тэдний тухай ярьмагц дагалдагсад нь түүнийг эсэргүүцэж, үр дүнд нь Монголын ард түмний эв нэгдэлд сайн нөлөө харагдахгүй л байна.
2. Үндэсний компаниудаа намаар ялгаж, өрсөлдөгчөө малаас дор үздэг Ерөнхий сайд
"Шийдлийн” хэмээх мундаг нэртэй Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариуцлагагүй үгсийг амнаасаа унагах шиг болж байна. Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэлэхдээ түүнийг "эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг"-аа л ярина гэсэн хүлээлт байсан. Гэтэл тэр үгээ "Улаанбаатарт гарах шийдвэр Бээжин, Москвад эхэлж гардаг цаг өнгөрөөд 26 жил боллоо" гэж эхлүүлээд УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн "Эм Си Эс” компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын "Мак” компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн НИК, "Петровис” компаниудад өрийн үлэмж хэсэг хамаарч байгааг хэлсэн. Энэ хэл ам намжиж амжаагүй байхад Хонконгод болсон хөрөнгө оруулагчдын чуулган дээр "Монгол улс Ардчилсан малтай ч сөрөг хүчин нь ардчилсан биш” гэж хэлээд онигоонд орчихов.
3. УИХ-ын дарга хэсэг хүмүүсийг өвчтэй гэж боддог
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдыг Эдийн засгийн форум дээр үг хэоэх үед Дарханы АН-ын дарга асан Л.Наранбаатар "Эдийн засгийн алуурчинд энд үг хэлэх эрх байхгүй” хэмээн оймсоо шидсэн. Хариуд нь эрхэм дарга "Ийм өвчтэй хүмүүс энд форумд ордог юмуу? Манайд ийм өвчтэй хүмүүс зөндөө байдаг” гэсэн.
Дараа нь Дархан-Уул аймагт иргэдтэй уулзах үеэр 1990 оны Ардчилсан хувьсгалын партизан нэгэн эмэгтэй "Та энэ зааланд цугларсан хүмүүсийг хоёр хувааж талцууллаа. Таны удирдаж байгаа Ардчилсан нам дотоод ардчилалгүй болсон” хэмээн шүүмжилсэн. Хариуд нь З.Энхболд "МАН-аас мөнгө аваад зарим нь иймэрхүү юм яриад байгаа. Л.Наранбаатар нарын зэрэг иймэрхүү хүмүүс байдаг. Тийм хүмүүсээс АН салах хэрэгтэй байна. Ардчилсан нам бол олон намаас бүрдсэн нам тул гишүүдийнх нь дунд үзэл бодлын зөрүү бий. МАН-аас мөнгө аваад янз бүрийн юм яриад яваа хүмүүс нь тэр МАН руугаа явах хэрэгтэй, авгай минь” гэсэн нь Ардчилсан намын гишүүдийг ихээхэн бухимдуулаад байна.
4.Өрсөлдөгчдөө сонгож болохгүй гэв
Тавантолгой, шинэ төмөр замын төслүүдийг 10-аад жил гацааж яваа УИХ-ын гишүүн Х.Баттулга эдүгээ хуулийн байгууллагад сэжигтнэээр шалгагдаж байгаа. Энэхүү асуудлаас болж Монголын төрийг эдүгээ хоёр хэсэгт хуваачихаад буй. Тэгвэл Х.Баттулга өрсөлдөгч талынхнаа УИХ-д дахин сонгохгүй байхыг уриалах болов. Тухайлахад, "Эв нэгдлийн төлөө” хэмээх нэгэн цуглаан дээр ийнхүү мэдэгдсэн. Тэрбээр МАН-ын 10-аад гишүүн мөн АН-ынхаа гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Г.Батхүү нарыг болон МҮАН-ын дарга, сайд М.Энхсайхан нарыг дахин сонгож болохгүй гэсэн. Ийнхүү "эв нэгдлийн төлөө” цуглааныг эв нэгдлийн бус болгосон нь тэр.
5.Н.Алтанхуяг:Шударга бусын хонгил үүсгэгч Ц.Элбэгдорж
Ерөнхий сайд, АН-ын дарга асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ УИХ-ын сүүлчийн хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр мэдэгдэл хийсэн. Тэр нь монгол улсад шударга бусын хонгил үүссэн, түүний гол үүсгэн байгуулагч нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болох тухай байсан юм. 26 жил хамтран зүтгэж ирсэн нөхдүүд ийнхүү ил тодоор нэгэнтэйгээ тэмцэхээ зарласан нь бас л хачирхалтай байв.
6.АН-ын зарим сайдууд хэнийх вэ
Тавантолгойг гацаасандаа бахархаж явдаг гэдэг Л.Эрдэнэчимэг гишүүн эрх баригчдын энэ хаврын дуулиант тэмцлийн бас нэг дүр байсаар л байна. МоАХ фракцид харьяалагддаг тэрбээр фракцийнх нь тэргүүний хувийн эзэмшлийн "Баянгол” зочид буудалд болсон хэрэг явдлын маргааш бас л "сүртэй” мэдэгдэл хийв. Тэр нь "Цагдаагийн ерөнхий газрын даргыг огцруулахгүй бол сайдуудаа татна” гэх асуудал. Энэ бол үнэхээр ёс зүйгүй бас хариуцлагагүй мэдэгдэл. Өнөөгийн Засгийн газрыг байгуулсан гол намын гишүүн тэрбээр өөрийн намаас сонгож томилсон Засгийн газраасаа өөрийн сайдуудаа татна гэсэн нь хариуцлагатай хүний үг яавч биш.
7. Лалар
Монгол улсын баатар, хотын мэр Э.Бат-Үүл гэж нэг хэн хүнд хонзогносон эр бий. Түүний хамгийн их хонзон санадаг хүмүүс нь фэйсбүүк, твиттерт нүүрээ нуучихаад сууж байдаг юм гэсэн. Өмнө нь ч энэ тухай ярьж л байсан. Эдүгээ дахиад л ийнхүү ярьж буй. Үнэнийг хэлэхэд сошиалд нийслэлийнхэн л түүний хийж байгаа ажилд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлдэг байх. Гэтэл тэр бүгдийг нь лаларууд гэв. Э.Бат-Үүлийг энэ зэрэгт хүрэхэд эдгээр лаларууд хангалттай тус дэм үзүүлсэн. Хариу нь гэвч энэ.
Г.Самбаа