Р.Эрдэнэбүрэн, Ж.Равдандорж нарыг Б.Наранхүү шоронд илгээсэн үү
Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Наранхүүгийн талаар ноцтой баримтуудыг эх сурвалжийн зүгээс бидэнд ирүүллээ. Эх сурвалжаас ирүүлсэн мэдээллээр тэрбээр өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг шоронд явуулна хэмээн айлгахын сацуу өрсөлдөгч гэж үзсэн хүмүүсээ хуулийн байгууллагаар далайлгаж хэрэг үүсгүүлэн баривчлуулдаг байж магадгүй байна.
Баримт-1: Дундговь аймгийн АН-ын нарийн бичгийн дарга Б.Цэрэнчунт дээр хуурамч хэрэг үүсгэж шоронд хийлгүүлнэ хэмээн сүрдүүлжээ. Улмаар энэ тухайгаа аймгийн цагдаагийн дарга н.Гүндэд захиж хэлсэн тухайгаа Б.Наранхүү намынхаа уулзалт дээр нэг бус удаа дуулгажээ.
Баримт-2: Дундговь аймгийн Эрдэндалай сумын эмнэлэгт хувиасаа 200 сая төгрөг өгнө гэж амласан ч өнөөг хүртэл мөнгөө өгөөгүй аж.
Баримт-3: Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн саявтархан АТГ-т саатуулагдсан. Тэрбээр хэсэг хугацаанд баривчлагдаад батлан даалтад гарсан даруйдаа намынхаа гишүүнчлэлийг сэргээхээр очиход Б.Наранхүүгийн зүгээс "Чи муу хужаа зайл" хэмээн доромжилжээ.
Баримт-4: Р.Эрдэнэбүрэнгийн хэргийн захиалагч нь Б.Наранхүү гэдгийг Р.Эрдэнэбүрэн өөрөө ойрын эх сурвалждаа мэдээлсэн байна. Учир нь Р.Эрдэнэбүрэн Дундговьд АН-аас УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байсан агаад энэ утгаараа Б.Наранхүүгийн хүчтэй өрсөлдөгч хэмээн улстөрийн хүрээнд яригдаж байсан юм.
Баримт-5: АН-ын ҮЗХ-ны гишүүн, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХ компанийн захирал Ж.Равдандоржийг саявтархан АТГ саатуулсан нь мөн л Б.Наранхүүгийн захиалга гэнэ. Учир нь Ж.Равдандорж энэ удаад Дундговь аймгаас УИХ-д нэр дэвшихээр бэлтгэл ажлаа базааж байжээ.
Баримт-6: Дундговь аймгийн засаг даргын орлогч асан С.Энхбат хэмээх тасралтгүй 12 жил аймгийн ИТХ-д сонгогдсон АН-ын гишүүнийг нэгэнтээ шоронд хийнэ хэмээн дарамтлаад зогсохгүй, ямар ч хохирогчгүй хэргээр эрүү үүсгүүлж ял шийтгэл үүрүүлжээ. Эл хэрэгт намынх нь нөхдийг турхирч, гэрчийн мэдүүлгийг хуурамчаар зохиолгуулсан байх магадлалтай гэнэ.
Үргэлжлэл бий...
Х.Онон