Р.Эрдэнэбүрэнгийн хэрэгтэй холбогдуулан барилгын яамны нэг ажилтанг цагдан хорьжээ
Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах" хөтөлбөрийн хүрээнд хууль бус шийдвэр гарган, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийг шалгах явцад түүний хэрэгт холбоотой байж болзошгүй гэж Барилга, хот байгуулалтын яамны хоёр ажилтанг шалгаж эхэлжээ. Улмаар нэгийг нь цагдан хорьсон гэж эх сурвалж мэдээллээ. Р.Эрдэнэбүрэнг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд цагдан хорьсон ч удалгүй батлан даалтад гаргасан юм. Тэрбээр өдгөө гадуур шалгагдаж байгаа юм.
Хэргийг дахин сануулахад, өнгөрсөн сарын эхээр өрнөж байсан "Эдийн засгийн форум"-ын сенсаацийн дундуур олныг гайхшуурж гарч ирсэн асуудал бол Барилга хот байгууллалтын ТНБД Р.Эрдэнэбүрэнг АТГ-аас саатуулсан явдал байлаа. Р.Эрдэнэбүрэнг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн баривчилсан бөгөөд удаа дараалан авилга авсан байж болзошгүй гэх тайлбарыг АТГ-аас гаргаад байгаа юм. Түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байгаа. Шалгагдах болсон шалтгаан нь "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хууль бус шийдвэр гаргасан байх магадлалтай гэж үзсэн.
Тэрбээр өнгөрсөн оны өмнөхөн Хөдөлмөрийн яамын төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгсөн юм. Харин авилга авсан хэрэгт холбогдсон Барилга хот байгуулалтын яаманд тэрбээр 2012 оноос хойш 2014 он хүртэл ажилласан. Үүнийхээ дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт шилжиж Хөдөлмөрийн яам руу томилогдон ажилласан юм.
Р.Эрдэнэбүрэн нь анх "Эрэл"-ийн гэгддэг Д.Эрдэнэбатын туслахаар ажиллаж улс төрд орж ирсэн байдаг. Тэрбээр эхний хоёр жил нь гишүүний туслах, сүүлийн хоёр жил нь зөвлөхийг нь хийжээ. Ингээд дараа нь өөрөө нэр дэвшиж 2004-2008 онд УИХ-ын гишүүн болсон юм. Үүнийхээ дараагаар тэрбээр дарга болон сураггүй намаасаа нүүр буруулж АН-ыг эргэлт буцалтгүйгээр түших болсон. Тэр цагаас хойш яам, тамгадын даргын албан тушаалаар тасраагүй нэгэнб билээ. 2008-2010 Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж, Л.Гансүх сайдын зөвлөхаар ажиллаж байгаад 2011-оноос Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажилласан юм. Дараа нь 2012 онд Лондонгийн Каплан Инт коллежид суралцан төгсч мэдлэг боловсролоо дээшлүүлж ирээд Төрийн нарийн бичгийн даргын ажлуудыг ээлж дараалан хийж байсан намтар улстөрч билээ.
Ер нь Шинэчлэлийн гэх тодотголтой Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газраас нэлээд хэдэн хүн хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж эхэллээ. Одоогийн байдлаар түүний хүргэн Г.Дэнзэн, нүүрс хөтөлбөрийн гэгддэг Л.Гансүх, Цэвэр агаар сангийн хэрэг гэх зэрэг олон хэргүүдийг хууль хяналтынханд очсон юм. Арга ч үгүй биз хамгийн их мөнгөн дунд эргэлдсэн Засгийн газар бол Н.Алтанхуягийн ЗГ байсан билээ.
Г.Лхагваа
Сэтгэгдэл байхгүй байна.