Шийлэгдамбаас салах Н.Энхбаярын захиалга
Энэ жагсаалтад Шийлэгдамба багтаж байгаа бөгөөд МАХН-ын бага чуулганы гишүүд Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыгаа огцруулахаар гарын үсэг цуглуулж дуусчээ. МАХН-ын дүрэмд зааснаар бол Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах, томилох асуудлыг бага чуулганаар хэлэлцдэг дүрэмтэй гэнэ.
Мөн бага чуулганы гишүүдийн гуравны нэгээс илүү буюу 86 гишүүн гарын үсэг зурвал шаардлагыг хүчинтэй тооцдог юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Шийлэгдамбыг огцруулах бичигт 86 гишүүн гарын үсэг зурсан аж. Тиймээс ч огцруулах бичгийг өөрт нь гардуулахаар өчигдөр албан байранд нь очиход аль хэдийн зугатаж алга болсон байсан талаар тус намын гишүүд ярьж байна.Цаашлаад гишүүдийн дуудлагыг ч авахгүй байгаа аж.
Тиймээс шаардлагаа тус намын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Доед нарт өгч бага чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, шинэ генсекээ томилохыг сануулж байгаа гэнэ. Шийлэгдамбаас намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг нь авахаас гадна сайдын суудлаас нь буулгах тухай яриа ч гарч ирж байна. Хэрвээ Шийлэгдамба ойрын хугацаанд Солонгост очиж, Н.Энхбаярт мөргөж сөгдөхгүй бол намаасаа шахагдаж, сайдын суудлаа ч алдаж мэдэхээр байгаа гэнэ.