Эрчим хүчний хөгжил ба зохицуулалт онол, практикийн хурал болж байна
Монгол улсад Эрчим хүчний зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 15 жилийн ойг тохиолдуулан "Эрчим хүчний хөгжил ба зохицуулалт" сэдвээр онол, практикийн хурлыг Эрчим хүчний зохицуулах хороо болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтран зохион байгууллаа. Энэхүү онол практикийн хуралд хэлэлцүүлэхээр нийтдээ 100 гаруй оролцогчийн 50 гаруй илтгэл иржээ.
Тус хурлаар эрчим хүчний эрчим хүчний салбарт сүүлийн жилүүдэд хийгдсэн зохицуулалтын үр дүнд гарсан ололт амжилт, хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, үр ашгийг сайжруулах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, цаашдын хөгжлийг хангахад чиглэсэн олон асуудлаар салбарын мэргэжилтнүүд санал бодлоо солилцож байна.Эрчим хүчний зохицуулах хороо нь анх 2001 онд Эрчим хүчний зохицуулах газар нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 2011 оны 12-р сарын 09-ний өдөр УИХ-аас Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Засгийн газрын 2012 оны 2-р сарын 15-ны өдрийн 49 дугаар тогтоолоор Эрчим хүчний зохицуулах хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллага Монгол улсын эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулах, эрчим хүчний барилга байгууламж барих, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх зэрэг 209 тусгай зөвшөөрөл олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллахаас гадна эрчим хүчний үнэ тарифын бодлогыг хэрэгжүүлж, тусгай зөвшөөрөл эрхлэгч, хэрэглэгч хоорондын эрх ашгийг тэнцвэртэйгээр ханган ажиллаж байна. Энэхүү онол практикийн хурлын үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяраас тодруулга авлаа.
-Монгол улсад Эрчим хүчний зохицуулах байгууллага байгуулагдсны 15 жилийн ой болж байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд танай байгууллагын хийж, хэрэгжүүлж чадсан хамгийн гол ололт амжилт юу байв?
-Эрчим хүчний зохицуулах хороо нь үнэ тарифын болон тусгай зөвшөөрлийн зүй зохистой, олон улсын стандартад нийцсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнгүй зардлыг бууруулах, үнэ тарифын шинэ аргачлал нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулсны үр дүнд Монгол улсын эрчим хүчний салбарт олон жилийн турш хуримтлагдсан өр авлага цэгцэрч, 2015 онд 100 гаруй тэрбум төгрөгийн алдагдлаас гарч, Эрчим хүчний салбар анх удаагаа ашигтай ажиллах нөхцөл боломж бүрдээд байна. Эрчим хүчний салбар алдагдлаас гарснаар шинэ техник, технологи нэвтрүүлэх, олон жилийн насжилттай, өртөг зардал өндөртэй станцуудаа шинэчлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах, мөн энэ салбарт ажиллаж байгаа 11 мянга гаруй ажилтан албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна эрчим хүчний салбар алдагдлаас гарснаар хэрэглэгчиддээ ээлтэй бодлого явуулж, үнэ тарифыг бууруулах, хөнгөлөлт олгох нөхцөл бүрдэнэ.
-Өнгөрсөн 2015 онд Монгол улсын эрчим хүчний салбар таван тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан. Цаашид санхүүгийн нөхцөл байдал энэ хэвээрээ байвал хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээний үнэ өртөг буурах боломжтой гэж үзэж болох уу?
- Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах түгээх тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Үүний үр дүнд үйлдвэрлэгчид дотоод нөөц бололцоогоо дайчилж, үрэлгэн зардлаа бууруулж, эрчим хүч түгээж дамжуулж байгаа байгууллагууд цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлыг багасгаж чадлаа. Өнгөрсөн 2015 онд эрчим хүчний салбар анх удаагаа алдлаас гарч ашигтай ажилласан. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах, ахуйн хэрэглэгчдийг дэмжих зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэхүү хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрх хамрагдсан. Үүнээс харахад эрчим хүчний салбар ашигтай ажиллаад эхэлбэл хэрэглэгчдэд үнийн хөнгөлөлт үзүүлэх, үнэ тарифыг бууруулах боломж давхар гарч ирнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.