Эрчим хүчний алдагдлыг бүрэн зогсоож жилд 15 тэрбумыг хэмнэнэ
2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж эхэлжээ. Энэ нь барилга, уул уурхайн салбарын хөгжлийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг сааруулах сөрөг үзүүлэлт болжээ. 2013 оны байдлаар Улаанбаатар хотод 14 мянган айлын орон сууц, оффисын барилга шинээр барьсан бөгөөд тэдгээрийн заримыг нь өнөөг хүртэл дулаан, цахилгаанд холбож чадаагүй байгаа аж.
Иймд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний эрчим хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх шаардлагад тулгуурлан тус хуулийг боловсруулсан хэмээн Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулгадаа дурьдав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ялангуяа барилга, хот байгуулалтын салбарт эрчим хүч хамгийн их хэрэглэгддэг тул барилгын компаниудтай эрчим хүч, дулаан алдагдалгүй орон сууц, оффис барихад гол анхраалаа хандуулах хэрэгтэй. Дулаан, эрчим хүчний алдагдал ихтэй барилга баригдаад байвал энэ хуулийн үр дүн гарахгүй гэсэн санал хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн А.Тлейхан, Хаврын чуулганы үеэр УИХ-аас ажлын хэсэг гарч Европын холбооны улсуудын эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг судалсан. Энэ хууль тус улсуудын туршлагыг Монголын хөрсөнд нутагшуулсан чухал хууль болсон байна.
Одоогоор Монгол Улс нийт хэрэглээнийхээ 15 хувьтэй тэнцэх хэмжээний эрчим хүч алдаж байна. Энэ хууль амжилттай хэрэгжвэл эрчим хүчний алдагдлыг бүрэн зогсоож, жилд 15 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэнэ” гэв.