“МОБИКОМ”, “ЮНИТЕЛ”-ИЙН ХЭРЭГЛЭГЧИД ХАЛДЛАГАД ӨРТСӨӨР БАЙХ УУ

5
Үүрэн телефон идэвхтэй  хэрэглэгчийн тоо гурван сая хэдийн даваад байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооны гаргасан тоон үзүүлэлтээс харагдаж байна. Харин тэдний 12,2 хувь нь дараа төлбөрт дугаарын хэрэглэгч байгаа аж.Тэд багагүй өндөр үнээр дугаар худалдан авч нэрийн баталгаа болгож, үүрэн холбооны оператор компаниудын хамгийн дээд зэргийн үйлчилгээг авдаг гэж хэлж болно. Гэвч тэдгээр хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдал, тав тухыг нь сүүлийн үед алдагдуулж, халдлагад  өртөх тохиолдол олноор гарах боллоо. Өөрөөр хэлбэл тэдгээр хэрэглэгчдийн утсанд зориудаар халдаж, улс төрийн өнгө аяс бүхий мессеж, дуудлага ирдэг болжээ. Энэ  асуудал  манайдаа хамгийн том хоёр үүрэн оператор болох Мобиком, Юнителийн хэрэглэгчдэд тохиолдоод байгаа. Бусад үүрэн холбооны хэрэглэгчдийн хувьд одоохондоо халдлагад  өртөж ямар нэгэн дуудлага хүлээн аваагүй байна. 
 
Мобикомын нэрийн төрийн баталгаа гэгддэг 9911-тэй дугаартай үйлчлүүлэгч халдлагад өртөж, дуудлага хүлээн авав
 
Хамгийн сүүлийн жишээг дурдахад өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт мобикомын зарим хэрэглэгчийн утсанд 12345 гэсэн дугаараас дуудлага ирсэн. 9911-тэй дугаар бол Монгол улсад анх үүрэн холбоо сууриа тавих үед гарсан анхны дугаар бөгөөд тухайн үедээ энэ дугаарын төлбөр чамгүй өндөр байснаас төлбөрийн чадвар бүхий хүмүүс, тэр дундаа төрийн албан хаагчид голдуу авсан байдаг. Эдүгээ энэ дугаар Мобикомын өөрийн нь тодорхойлсноор "нэр төрийн баталгаа” болсон. Бизнес хийх гэж байгаа хүн 9911-тэй дугаар барихгүй бол төрийнхөн тоодоггүй гэсэн яриа хүртэл гарч, энэ дугаарын өгч авалцах ханш нэг өрөө байрны үнээс давсан гэсэн яриа байдаг. Өөрөөр хэлбэл, 9911-тэй дугаарыг баригчид төрийн бодлого, шийдвэрийг тодорхойлдог, гаргалцдаг, хэрэгжүүлдэг хүмүүс, мөн бизнесийнхэн байдаг. Тиймээс уг  дуудлага 9911-тэй дугаартай хэрэглэгчдэд ирсэнд гайхах зүйлгүй.

Энэ дуудлагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ оффшор дансны асуудалд холбогдсон ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын талаар  иргэдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор С.Баярцогтод хариуцлага тооцох уу гэдэг асуултад Ерөнхийлөгчийн өгсөн хариуг бичлэг болгон  сонсгож байжээ. 

Тэгвэл энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Тагнуулийн ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гаран шалгаж эхэлсэн тухай ЦЕГ-аас мэдээллээ.  Харин энэ асуудалтай холбогдуулан "Мобиком” корпорациас  хэрэглэгчдийн хэвийн байдлыг алдагдуулсандаа харамсаж буйгаа илэрхийлсэн билээ. Өөрөөр хэлбэл тэд хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүйнхээ төлөө уучлалт ч гуйгаагүй юм. 
Үүний дараагаар зарим иргэд "Мобиком” корпорацийг удаа дараа ийм халдлагад өртөж, хэрэглэгчийнхээ эрхэнд халдаж буйд бухимдалтай байгаагаа цахим ертөнцөөрөө илэрхийлж байлаа. 

2014 оны аравдугаар сарын 23-ны шөнө Мобиком, Юнителийн хэрэглэгчийн утсанд улс төрийн өнгө аястай мессеж ирэв
 
Тэгвэл Мобикомын хэрэглэгчид анхны удаа ийм улс төрийн өнгө аястай кибер халдлагад өртөөгүй юм. Өмнө нь 2014 оны аравдугаар сарын 23-ны шөнө УИХ-ын зарим гишүүдийн нэр, утасны дугаарыг ашиглан тэднээс ирүүлж байгаа мэтээр иргэд сонгогчид руу нь хандсан өдөөн хатгалга бүхий мессеж олноор хүрсэн нь ард иргэдийн гайхшлыг төрүүлээд зогсохгүй, уур бухимдлыг нь ч хүргэж байсан билээ. Тухайн үед төмөр замыг нарийн царигаар тавих уу, өргөн царигаар тавих уу  гэдэг асуудал хурцаар яригдаж байсан билээ. Ингээд иргэдийн утсанд 1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү..." гэх мессеж ирж байлаа. 

Тухайн үед Мобиком, Юнител зэрэг гар утасны оператор компаниуд уг үйлдлийг зогсоох оролдлого хийсэн боловч зогсоож чадаагүй. Ингээд "Улс төрийн зохион байгуулалттай  гэж харж болох энэхүү хууль бус ажиллагааг Румын болон Мальта улс дахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, компьютерийн ямар нэг программаар дамжуулан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулсан байх магадлалтай" талаар "Мобиком" корпорацийн гүйцэтгэх  захирал Дэвид Холлидэй  мэдээлж байсан. Тэрбээр мөн л  үйлчлүүлэгч, хэрэглэгчээсээ уучлалт гуйгаагүй юм. 

Юнител, Мобиком гэх энэ хоёр том үүрэн холбооны  компаниуд энэ мэт халдлагад өртөж буй н хэрэглэгчдийн  итгэлийг  алдаж буй үйлдэл юм.  Нэлээдгүй өндөр үнэтэй  үйлчилгээнийхээ хариуд дахин дахин халдлагад  өртөж аюулгүй байдлыг нь  хангаж чадаагүйнхээ төлөө хэрэглэгчдээсээ уучлалт гуйх сэтгэлгүй эдгээр компаниудад хариуцлага тооцох нь зүйтэй болов уу. Магадгүй хэрэглэгчийнх нь гомдлоор шалгах нь зүйтэй болов уу. Дээрх дуудлага, мессежийн дараа олон иргэд цахим хуудастаа Мобиком, Юнител компаниудын кибер аюулгүй байдлыг  хэрхэн хангаж ажилладагт шалгалт хийх ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байсан билээ. 

Сүүлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоолойгоор хүртэл дуудлага ирж байгаа нь  цаашид ямар ч дуудлага ирж, хэрэглэгчид ямар ч халдлагад өртөж болохыг харуулсан үйл явдал боллоо. Сонгууль дөхсөн энэ үед иргэдийг эмх замбараагүй байдалд уриалсан, дуудлага мессеж ирвэл хэн хариуцлага хүлээх вэ?
Б.Сансар

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

5 сэтгэгдэл