Дөрвөн жил унасан нэр хүндээ дөрөв хоногийн дотор босгохоор зүтгэж явна
Сүүлийн өдрүүдэд "Ё.Отгонбаяр Булганд нэр дэвшинэ” гэсэн мэдээ цахим ертөнцөөр дүүрэн гарч байна. Тэр яагаад гэнэт амь ороод эхлэв гэдэг нь сонин. Ниргэсэн хойно нь хашгирав гэж мөн ч үнэн үг юм. Булганчууд нэр дэвшигчээ тодруулаад аль хэдийнэ сонголтоо хийчихсэн байхад Ё.Отгонбаяр гишүүн тойргоороо яваад эхлэж буй сурагтай. Өнгөрсөн дөрвөн жил тийшээ зүглэсэн нь тоотой. Мань хүн эхэндээ жагсаалтанд орчих юм чинь гээд булганыханг тоогүй байх. Ямар сайндаа л Булганы улстөрчдийн жагсаалтад эхний тавд ч багтаж чадахгүй цохьж явсан. Нам дотроо хор найруулсаар байгаад ирэх сонгуульд Булганд дэвших эрхээ авдаг юм байж. Гэтэл дөрвөн жил шилээ ч харуулаагүй түүнийг булганчууд сонгох уу. Эргэлзээтэй л юм. Тос түрхээд торгоор ороосон ч Ё.Отгонбаярыг булганчууд гадарлахтайгаа болсон. Ямар сайндаа л "Эхнэрийнхээ дансаар төрийн мөнгө идсэн анхны хүн булганых” гээд нэг хэсэг шуугиа биз дээ. Уг хэрэг "Хохирогчгүй” гэсэн үндэслэлээр хаасан байдаг. Уг нь хохирогч нь Монголын ард түмэн, мөн булганчууд л даа. Ингэж нутгийнхаа нэрийг шороотой хутгасан нөхрийг яаж булганчууд тоох билээ. Харин Ардын нам Ё.Отгонбаярыг дэвшүүлбэл Ардчилсан намаас дэвшиж буй О.Амартүвшинд зөөлөн боорцог ирлээ л гэсэн үг. Хоёр том нам нууцаар ямар тохироо хийснийг хэн ч мэдэхгүй. Хэрэв О.Амартүвшинд Ёоок гэсэн зөөлөн боорцгыг хаяж өгсөн бол ирэх дөрвөн жилд Булганд цэнхэр туг намирна. Ё.Отгонбаяр ч гэсэн "УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй” гэдэг харьялалаас гарч хэрэг нь задарч дээлээ нөмрөх нь тодорхой биз.
Ц.Мишээл
Эх сурвалж: Тоншуул.мн