Кёкүтэнхо Н.Цэвэгням 24 жилийн дараа зодог тайллаа
Японы мэргэжлийн сүмод Монгол бөхчүүдийг түүчээлэн барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням Нагоя башёгоор зодог тайлж байгаагаа зарласан билээ. Тэгвэл Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах албан ёсны ёслол өчигдөр Токио хотын "Рёогокү" дахь сүмогийн төв өргөөнд боллоо. 1992 оны хоёрдугаар сард тэр үеийн "Оошима” дэвжээнд Н.Цэвэгням, Д.Батбаяр, Б.Энхбат, Ц.Батжаргал, Мөнхболд, Түмэндэмбэрэл гэсэн 15-16 насны зургаан хөвгүүн сүмогоор барилдахаар орчуулагч Цэвээнсүрэн гуайн хамтаар анх хөл тавьсан түүхтэй. Мөн оны гуравдугаар сарын Осака башёд анх Монголын бөх зодоглож тэр үеэс сүмогийн ертөнц дэх монголчуудын хуудас нээгдсэн гэдэг. Эхний зургаан хүүхэд эх орон, элгэн садан, эх эцгээс хол түүний дээр цаг агаар, хэл соёл зан заншил амьдрах орчин тэс өөр ертөнцөд дасан зохицоход тохиосон бэрхшээл, ар гэрийн амьдрал зэргээс шалтгаалан дөрвөн сүмоч нутаг буцсан байдаг бол багш Оошима журмын нөхөр Б.Энхбатын ятгалга зүтгэлээр Н.Цэвэгням Д.Батбаяр нар дахин барилдаж эхэлсэн. Үүнээс хойш 24 жилийн дараа буюу 2016 оны тавдугаар сарын 29-ний өдөр Кёкүтэнхогийн зодог тайлах ёслолоо хийлээ. Түүний зодог тайлах ёслолд 8000 гаруй хүн оролцож гэр бүл найз нөхөд, сүмочид, урлаг, спортын соёлынхон гээд 420 хүн дэвжээнд гарч түүний гэзэгт гар хүрлээ.