"SpaceX" 2024 он гэхэд Ангараг руу хүн илгээнэ
Ирэх 10 жилийн дотор Ангараг буюу Улаан нүдэн гараг руу хүмүүс суулгасан сансрын хөлөг илгээхээр төлөвлөж байгаа гэдгээ Америкийн автомашин үйлдвэрлэгч "Tesla Motors” болон сансрын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "SpaceX” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск мэдэгдлээ.
"SpaceX” 2024 онд Ангараг руу хүмүүсийг илгээнэ гэж Калифорнид болсон "Code Conference” бага хурлын үеэр Маск хэлжээ. Хүмүүс тээвэрлэсэн энэ сансрын хөлөг 2025 онд Ангараг дээр газардана гэж тэрбээр урьдчилан төсөөлж байна.
Яг бодит байдал дээр бол, "SpaceX” компани ирэх хоёр жилийн дотор буюу Ангараг гараг Дэлхийд хамгийн бага зайд ойртож ирэх үед тус гараг руу сансрын хөлгүүд илгээж эхлэх ажээ. Ангараг гараг Дэлхийд маш ойртон ирэх энэ сансрын үзэгдлийг Маск "Ангарагийн боломж” гэж нэрлэжээ.
Тэрбээр хэлэхдээ "бид 2018 оноос эхлэн боломж гарах бүрт буюу дэлхийд ойртох бүрт нь Ангараг руу сансрын хөлөг илгээх гэж байна. Ийм боломж ойролцоогоор 26 сар тутамд нэг удаа тохионо” гэсэн байна.
Дэлхийн хөрш энэ гараг бол миний хувьд тэтгэвэртээ гарсныхаа дараа үлдсэн амьдралаа өнгөрөөх газар байж болох юм гэж тэрбээр мөн ярьжээ.
Элон Маск хэлэхдээ "хэрвээ та нас барах газраа сонгох гэж байгаа бол Ангараг гараг муугүй сонголт байж магадгүй шүү” гэсэн аж.
Сэтгэгдэл байхгүй байна.