Сноуден: Японы иргэн бүр АНУ-ын эрх баригчдын хараа хяналтанд байгаа
-Дуулианы эргэн тойронд-
Дэлхий нийтийг донсолгосон мэдэгдлүүд хийж, АНУ-ын эрх баригчдаас зугатан амьдарч буй ТЕГ-ын ажилтан Эдвард Сноуден дахиад нэг сонирхолтой мэдэгдэл хийжээ.
АНУ-ын ТЕГ-ын ажилтан асан Эдвард Сноуден Японы иргэн болгон АНУ-ын тагнах мөшгих ажиллагаанд өртөж байгаа талаар мэдэгдсэнийг The Japan Times мэдээллээ. Тэрбээр Оросоос Японы нийслэлтэй видео шугамаар холбогджээ. Токиогийн Их сургуулийн нэгэн танхимд хуралдаан болсон бөгөөд уг арга хэмжээнд сэтгүүлч, хуульчид нийлсэн хоёр зуугаад хүн цуглажээ.
"Тэд та бүхний шашны итгэл үнэмшил, хэнд хайртайг, мөн хэний төлөө санаа тавьдагийг мэднэ” гэж Эдвард Сноуден ярилаа. 2009-2011 оны хооронд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан тэрбээр нэг жилийн хугацаанд Японд ажиллаж амьдарч байсан билээ. Тэрбээр "DeII Inc” компанийн орон тоон дээр бүртгэлтэй байсан гэдэг. Токио хотын баруун хэсэгт байрлах АНУ-ын Агаарын хүчний баазад тагнах төхөөрөмж бүтээх ажилд ч гар бие оролцсон гэх. "Бидний ажлын гол агуулга нь хүн бүрийн амьдралын хэв маягийг бүтээхэд байсан” гэж Сноуден тайлбарлав. Түүний ярьсанаас үзэхэд, гар утас болон компьютерт орсон мэдээлэл болгон АНУ-ын тусгай албадын чагналт тагналтад автоматаар ордог гэнэ. Тэрбээр Японы ардчилалд аюул заналхийлж байгаад сэтгэл зовниж байгаагаа ч энэ ялдамд илэрхийлэв. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн нууцын тухай хууль нь ардчиллын үндсийг устгаж байгаа гэж тэр онцлов. Японы эрх баригч нам болох Либерал ардчилсан намын санаачлагаар төрийн нууцад хамаарах мэдээлэлтэй холбоотой хүлээлгэх хариуцлагыг эрс чангалсаныг энд сануулах нь зөв байх. "Би бүх зүйл мөшгөгдөж хянагдаж байдаг ертөнцөд амьдрамааргүй байна” гэж Эдвард Сноуден дүгнэн мэдэгдлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.