Абэ Шинзо: Ороод гарахыг бодъё, гэхдээ хонож амжихгүй байх
Ерөнхий сайд Абэ Шинзо Төв Азийн орнуудаар хийх айлчлалын төлөвлөгөөндөө Монголыг оруулсан нь, энэ улстай юу болов гэмээр дотносч байгааг нь харуулж байгаа бөгөөд энэ нь нэг талаар Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийг буцааж авах он удаан жил ужгирсан асуудлыг шийдэхэд нь хэрэгтэй гэж үзсэнийх юм. Абэ Шинзо Улаанбаатарт таван цаг саатсан бөгөөд ирнэ гэж амласнаа ёсоор болгосонд нь түүнд Монголын ерөнхийлөгч талархал илэрхийлжээ. Нэг сарын өмнө буюу есдүгээр сарын 27-нд Ц.Элбэгдорж Нью-Йоркт очихдоо НҮБ-д суугаа Японы төлөөлөгчийн газар Абэ Шинзотой уулзаж, Төв Азиар айлчлахдаа Монголд буугаад мордохыг хүссэн бөгөөд Абэ "Ороод гарахыг бодъё, гэхдээ хонож амжихгүй байх” гэсэн юм. Тухайн үед ерөнхий сайдын айлчлалын төлөвлөгөө хэдийнэ гарчихсан байсан боловч ямар ч байсан тэр хуваарьт өөрчлөлт оруулж Ц.Элбэгдоржид өгсөн амлалтаа биелүүлснээр Абэ нь Засгийн газрын тэргүүн байхдаа Монголд хоёронтоо айлчилсан анхны ерөнхий сайд болж байна. Абэгийн үед хоёр орны удирдагчдын харилцан айлчлал урьд байгаагүй олон удаа хийгдсэн бөгөөд түүнийг 2012 онд Засгийн газрыг дахин тэргүүлснээс хойш Монголын ерөнхийлөгч болон ерөнхий сайд Японд дөрвөн удаа очжээ. Ц.Элбэгдоржийг 2013 онд очиход нь Абэ гэртээ урьсан нь, дипломат ёсонд тэр бүр тохиолддоггүй ховор үзэгдэл болов. Мөн өнгөрсөн долдугаар сард болсон Монголын ардчиллын 25 жилийн ойд Абэ видео мэндчилгээ илгээсэн билээ. Хоёр орны харилцан итгэлцэл урьд урьдынхаас илүү бат бөх байна хэмээн Абэ тухайн үед хэлж байв.