ДЭМБ "зика"-тай холбоотой эрсдэлийг тооцно
Рио-де-Жанейро хотод 2016 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор "зика" вирусийн учруулах эрсдлийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ тооцохоор төлөвлөж байна.
Ирэх хэдэн долоо хоногт ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Бразилд "зика” вирусийн тархалт нэмэгдэхэд нөлөөлж болзошгүй эрсдэлт нөхцөл байдлуудад дүн шинжилгээ хийх ажээ.
Тус байгууллагын бие даасан шинжээчдийн хорооны тэргүүн, доктор Дэвид Хэймэнн хэлэхдээ "уг вирусийн тархалт хурдсаж болзошгүй гэсэн айдсын улмаас Риогийн Олимпыг хойшлуулах нь буруу” гэв.
"Наймдугаар сар бол Бразилд өвлийн улирал эхэлчихсэн байх үе. Тиймээс уг өвчнийг дамжуулдаг шумуулын тоо эрс цөөрнө" гэж гэж тэрбээр ярилаа.
Хорооны хуралдааны үеэр Бразил дах нөхцөл байдал, үүний дотор Олимпын асуудлыг хэлэлцэнэ гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Ника Александер мөн мэдэгдсэн юм.