Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн төслийг дэмжлээ
Монгол, Орос, Хятадын "Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2014 онд зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын анхны уулзалтаар гурван тал худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. 2015 онд төрийн тэргүүн нарын хоёрдахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар Монголын "Талын зам” төсөл, БНХАУ-ын "Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлага болон ОХУ-ын "Евразийн эдийн засгийн холбоо”-той уялдуулан гурван улсын хооронд "Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцсоны дагуу хөтөлбөрийн төслийг боловсруулжээ. Төсөлд гурван тал хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалт буюу авто болон төмөр замын коридорууд, дамжин өнгөрөх тээвэр, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хилийн хянан шалгалтыг хөнгөвчлөх, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчин, гаалийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр 32 төсөл тусгасан байна. Талууд энэ сарын 23-нд Ташкент хотноо хөтөлбөрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Төвлөрлийг улам сааруулна
Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа "Засаглалыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар "Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд "Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төсөл боловсруулсныг Засгийн газар баталлаа. Төсөлд:
- Төвлөрлийг сааруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний туршлага, сургамж, өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ
- Төвлөрлийг сааруулах бодлогын хэрэгцээ, шаардлага
- Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын зарчим
- Бодлогыг хэрэгжүүлэх арга зам
- Хэрэгжүүлэх үе шат, зохион байгуулалт, хүрэх үр дүн, үр нөлөөг тодорхойлох зэрэг асуудлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр тусгасан байна.
Энэхүү баримт бичгийн төслийг боловсруулахдаа гадаадын болон дотоодын зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, төрийн бүх шатны байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгүүд зохион байгуулж бүх яам, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарын саналыг авч тусгасан байна.
Энэ бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн орнуудын туршлагаас үзэхэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх, ил тод хариуцлагатай, сайн засаглалыг бий болгон хөгжүүлэхэд төвлөрлийг сааруулах бодлого чухал ач холбогдлоо өгсөн байна.
Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг эрчимжүүлнэ
"Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
Монгол Улсын түүх, соёлын уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололтыг гадаадад таниулах зорилгоор Засгийн газрын 2016 оны 2 дугаар тогтоолоор "Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг баталсан юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөлд гадаад орнуудад Монгол Улсыг сурталчилсан өдрүүд зохион байгуулах, урлагийн тоглолт үзүүлэх, дүрслэх урлагийн үзэсгэлэн, кино, номын яармаг гаргах, Монголын соёлын төвийг гадаад улсад байгуулах, гадаадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсын нэгдсэн сурталчилгаа явуулах, олон улсын монгол судлалын төвийг байгуулахад хамтарч ажиллах, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, Монголия Майнинг олон улсын үзэсгэлэн болон Монгол-Хятадын экспо, Монгол-Оросын экспог зохион байгуулах, Монгол Улсыг сурталчлах тусгай вэбсайт ажиллуулах зэрэг олон ажлыг 2016-2020 онд хийж хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Сургууль, цэцэрлэгийн барилгуудыг концессийн гэрээгээр барина
Сургууль, цэцэрлэгийн барилга барих төслийн концессийн гэрээг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй байгуулахаар тогтлоо.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын цэцэрлэг, сургуулийн барилга, Шинэ-Идэр сумын цэцэрлэгийн барилга, Орхон аймгийн "Эрдэнэт”цогцолбор сургуулийн өргөтгөл, Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуулийн барилга, Ховд аймгийн Жаргалант сумын цэцэрлэгийн барилга, Дундговь аймгийн Сайнцагаан сумын цэцэрлэгийн барилга, Дархан-Уул аймгийн Дархан суманд цэцэрлэгийн барилга барих төслийн гүйцэтгэгчидтэй концессийн гэрээ байгуулах юм. Гэрээ байгуулсан компаниуд сургууль, цэцэрлэгийн барилгуудыг концессийн "барих-шилжүүлэх” төрлөөр барьж ашиглалтад оруулах бөгөөд барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байхаар гэрээний төсөлд тусгасан байна.
Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болголоо.
Улс орны хөгжлийн чиг баримжаа, эдийн засгийн салбаруудын өсөлтийн хандлага, техник, технологийн дэвшил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцэхүйц мэдлэг, ур чадвар, төлөвшилтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх зорилт тавигдаж байна. Нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлэх, чанарын баталгаажуулалт, байгууллагын менежмент засаглалыг сайжруулах зорилгоор мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг боловсруулжээ.
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын зохистой түншлэл өргөжиж ажил олгогчийн захиалгат сургалт, элсэлт нэмэгдэж, мэргэжлийн болон техникийн боловсролын нийгэмд эзлэх байр суурь дээшилнэ. Мэргэжлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлснээр мэргэжилтэй ажилтны ур чадварыг бодитой үнэлэх, мэргэжлээрээ өсч дэвших, ур чадвартай уялдсан цалин хөлс авах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үндэсний хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжүүлнэ.
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг энэ онд ашиглалтад оруулна
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, авто замын барилгын ажлыг таван багц болгон техник, ажиллах хүчний чадавх сайтай компаниудтай багц тус бүрээр нь гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.
Одоогоор замын ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн дүүргэлт 100 хувь, хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил 98 хувь, суурийн ажил 52 хувь, хучилтын ажил 33 хувь, хиймэл байгууламжийн ажил 70 хувь хийгдсэн байна.
Товч мэдээ:
- Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн төгсгөлийн шатны хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
- ”Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай” Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолоор баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.