“Цагаан жагсаалт”-нд хэн, хэн багтсан бэ?
Монголын Залуучуудын Холбоо, Хулгайчгүй Монгол Үндэсний чөлөөлөх хөдөлгөөнөөс 2016 оны УИХ болон ИТХ-д сонгож болох хүмүүсийн Цагаан жагсаалтыг өнөөдөр зарлалаа. Цагаан жагсаалт гаргах үйл ажиллагаа бүтэн жилийн турш үргэлжилсэн бөгөөд иргэдийн асуудлыг төрийн асуудал болгох төлөөллийг зөвхөн залуучуудын ганц байгууллага дангаар хариуцах нь өрөөсгөл хэмээн үзэж нэр цэвэр, итгэл даах төлөөллөө "Цагаан жагсаалт”-нд нэр дэвшүүлэхийгТөрийн бус байгууллагуудад уриалж, хамтран ажиллажээ.
Өнөөдөр зарласан "Цагаан жагсаалт”-нд 2016 оны УИХ –ын сонгуульд итгэл үзүүлэн сонгож болох 180, НИТХ –ын сонгуульд сонгож болох 70 гаруй хүмүүс багтсан байна. Тэдгээр хүмүүст "Цагаан жагсаалт”-ын батламж гардуулж, Хариуцлагын гэрээ байгуулсан юм.
Энэхүү "Цагаан жагсаалт”-нд МАН -ын генсек Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Дуучин М.Нарантуяа, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, "ХҮН"-ын дарга С.Боргил, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Ц.Мөнхжин, УИХ -ын гишүүн Ш.Түвдэндорж, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч, эрдэмтэнҮ.Хүрэлбаатар, Иргэний Хөдөлгөөн намын Ж.Занаа, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа зэрэг олны танил эрхмүүд багтсан байна.
Энэ үеэр МЗХ –ны ерөнхийлөгч А.Мөнхбат "Бид мууг дэмждэг, мууг өөгшүүлдэг, муутай нөхөрлөвөл хүчтэй байдаг тэр бүх хар системийг нураахаар энд цуглаад байна. МЗХ бүтэн нэг жилийн турш өрнүүлсэн "Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-өөрөө төрд хулгайчийг шургалуулахгүй байх, нэр цэвэр мөр цагаан хүмүүсийг сонгохын төлөө бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлсэн” хэмээн онцолсон юм.
Ийнхүү "Цагаан жагсаалт”-нд орсон нэр цэвэр, итгэл даах хүмүүсийг дэмжиж, сонгохыг олон нийтэд уриалах аж. Цагаан жагсаалтанд багтсан хүмүүсийн дэлгэрэнгүй мэдээллийг http://khulgaichguimongol.myf.mn/whitelistсайтад байрлуулжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.