Наадмын бэлтгэл хангахыг үүрэг болгов
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан өчигдөр боллоо. Шуурхай хуралдаанаар инженер хангамж нийтийн үйлчилгээний байгууллагууд мэдээлэл хийв.
"Торгоны зам” цогцолборын ажлын хүрээнд 204 ам метр явган хүний замын хавтанг шинээр суурилуулан, гэрэлтүүлэг тавьж, чулуужсан мод байрлуулан зүлэгжүүлэлт хийжээ.
"Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө, Намъянжүгийн гудамж, Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Юнескогийн гудамж, Олимпийн гудамж, Энгельсийн гудамжны нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн 142 төмөр, түмбэ, шон, хайсны үлдэгдэл ёзооруудыг авав.
Борооны ус зайлуулах шугамын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд далангийн 1021.08 метр куб лагийг цэвэрлэн тээвэрлэсэж, нийт 1436 шүүрт худаг, 89443 урт метр шугам, 1267 үзлэгийн худгийг засварлалаа.
Нисэх, Яармагийн аюулгүйн тойргоос Чингисийн хүрээ жуулчны бааз руу салах уулзвар хүртэлх 3,3 км урт автозамын голын тусгаарлах зурвас газрыг зүлэгжүүлсэн бөгөөд цэцэгжүүлэх ажлыг хийж эхлээд байна.
АСЕМ-ын тохижилт, хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд "Ач –Очир” ХХК, "Эс-Деволопмент” ХХК, "Вест Хилл” ХХК, иргэн Н.Баттулга, Л.Болорболд, Ус сувгийн удирдах газрын сургалтын төв, "Эфис” констракшн, "Моннис” групп, "MSM” ХХК, "Эм Ай Ти Ай Си” ХХК, "Монголиа Проперти Деволопмент ” ХХК зэрэг 11 аж ахуйн нэгж байгууллага, 78 159 000 төгрөгийн өөрийн хөрөнгөөр барилгын хашаа, хайс хашлагаа засварлан будаж, зам талбайн тохижилтын ажлыг хийжээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн хайс хашлагыг угаах, гол болон туслах замуудын тэмдэг тэмдэглэгээг хийж дуусгах, Төв цэнгэлдэх хүрээлэн, Чингисийн хүрээ, Хүй долоон худгийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, гэр хороолол, орон сууцны доторх зэрлэг ургамлыг устгах ажлыг зохион байгуулахыг нийтийн үйлчилгээ, инженер хангамжийн байгууллагуудад үүрэг болгов.
Мөн Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд нийтийн тээврийн автобусны гадна дотор талыг өнгө үзэмжийг сайжруулж, жолооч нарыг цагаан цамц хар зангиатай үйлчилгээнд гаргах хэрэгтэйг санууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.