“Ил-76” онгоцны багийнхан бүгд амь эрсэджээ
ОХУ-ын Эрхүү мужид сүйрсэн "Ильюшин Ли-76” нисэх онгоцны багийнхан бүгд амиа алдсан байна гэж тус улсын Нислэгийн хороо мэдэгдэв.
Осол Эрхүү мужийн Качинский дүүрэгт энэ сарын 1-нд болсон байна. Хамгийн сүүлийн мэдээллээр нисэх онгоц бүрэн сүйрч, нисэх багийн 10 гишүүн бүгд амиа алдсан байна гэж хороо мэдээлжээ.
Тус хороо нисэх онгоцны ослын шалтгааныг тодорхойлохоор ОХУ-ын агаарын тээврийн тухай хуулийн дагуу шалгалтын комисс гарган, энэ сарын 2-ноос ажиллуулж эхэлсэн байна.
Уг нисэх онгоц Москва орчмын нисэх баазад байрладаг байсан бөгөөд багийн гишүүд Москва мужид амьдардаг байжээ. Сибирьт гарсан томоохон хэмжээний гал түймрийг унтраах ажиллагаанд оролцож байсан "Ильюшин Ли-76” нисэх онгоцны багийнхантай баасан гарагийн өглөө холбоо тасарсан бөгөөд газраар эрэл хийж байсан аврагчид сүйрсэн онгоцыг Эрхүү мужийн Рыбный Уян суурингийн орчмоос олжээ.