Америкийн 8400 цэрэг Афганистанд үлдэнэ
Афганистаны талаарх бодлогоо АНУ өөрчилжээ. Афганистанд аюулгүй байдал дордож байгааг залруулан сайжруулахын тулд тус улсад 8400 цэрэг үлдээхээр төлөвлөж байгаагааа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.
Обама лхагва гарагт мэдэгдэл хийхдээ "Афганистанд байгаа АНУ-ын цэргүүдийн тоог энэ оны эцэс гэхэд 50 хувиар цөөрүүлж, 5500 болгох одоогийн төлөвлөгөөг өөрчилнө. Намайг ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа ирэх онд Афганистанд 8400 цэрэг үлдэнэ” гэжээ.
Обама төлөвлөгөөгөө хэд хэдэн удаа өөрчилж байсан юм.
Тухайлбал, тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард Афганистан дахь АНУ-ын цэргүүдийн тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээр ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Афганистанаас бүх цэргээ татна гэсэн амлалтаасаа ухарсан билээ.
"Талибан” хөдөлгөөнийхөн халдага үйлдэх нь дахин эрчимжиж эхэлсэн зэрэг шалтгааны улмаас цэргүүдээ бүгдийг нь татахаа хойшлуулах шийдвэрийг Обама гаргажээ.
Энэ долоо хоногт Польш улсад болох НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтад оролцохынхоо өмнө Обама бодлогоо өөрчиллөө. Уулзалтын үеэр НАТО-гийн удирдагчид Афганистан дахь нөхцөл байдлыг хэлэлцэж магадгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани сайшаагаад "энэ шинэ бодлого нь хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлнэ хэмээн найдаж байна” гэлээ.